“Нарны хүү, сарны охин” компанид холбогдох хэрэгт шүүхээс тайлбар өглөө

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-22 12:05:08

Улаанбаатар/МОНЦАМЭ/.  “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар  "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр аван залилсан гэх хэрэгт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж,  тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн.


Уг хэргийн шүүх хурал энэ сарын 18-нд болж, хэргийг прокурор руу буцаасан талаарх мэдээллийг өмнө мэдээлж  байсан. Тэгвэл энэхүү хэргийг буцаах болсон шалтгааныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр тайлбар, мэдээлэл өглөө.


Шүүхээс тайлбар өгөхдөө, “Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-нд прокуророос шүүхэд шилжиж ирсэн.


Энэ сарын 18-нд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлыг явуулсан. Тэгээд 456 хохирогчтой 58 хавтастай буюу 14500 хуудас хэргийн материалтай шүүгч танилцсан.  Ингээд Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж үзэж, прокурор руу буцаасан.


Учир нь энэхүү хэргийн яллах дүгнэлт хуульд нийцээгүй, тодорхойгүй, ойлгомжгүй байв. Тодруулбал, нотлох баримтаар дурдсан шинжээчийн 2 дүгнэлт нь хоорондоо 4 тэрбум төгрөгийн зөрүүтэй хууль бус дүгнэлт байсан.


Хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Иймд шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв хуульд нийцүүлэн гаргуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой юм. 


Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд бүрэн гүйцэд биш гэж үзэх үндэстэй. 


Мөн шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байсан" гэж мэдээллээ. 

 

 

 

 


Холбоотой мэдээ