Зохих зөвшөөрөлгүй зорчигчдыг нэвтрүүлэхгүй

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-01-18 21:51:57

Хэнтий /МОНЦАМЭ/ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг буцаажээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Хэнтий аймагт зорчих хүсэлтэй ирсэн иргэд зохих шаардлагыг хангаагүй байсан тул буцааж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Иргэдийг зорчих хөдөлгөөнд дараах тохиолдолд оролцохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа юм. Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт доорх зөвшөөрөгдсөн шалтгаанаар зорчигчид бүгд ПГУ буюу PCR шинжилгээний хариутай байна. Үүнд,

-Хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, хүнс нийлүүлэх гэрээ, баримт/

-Шатахуун тээвэрлэлтийн үйл ажиллагаа /жолооч, туслах жолоочийн ажлын үнэмлэх, шатахуун тээвэрлэгч компанийн гэрээ, баримт/

-Эм, эмнэлгийн хэрэгсэл /жолоочийн ажлын үнэмлэх, холбогдох зөвшөөрөл/

Эрүүл мэндийн үйлчилгээ /эмчийн магадлагаа/

-Мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлтийн үйл ажиллагаа /холбогдох зөвшөөрөл/

-Орон нутаг руу чиглэсэн оршуулгын үйл ажиллагаанд оролцох /Улсын Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ/

Дээрхээс бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөж нэвтрүүлэх аж.

Харин Улаанбаатар хот руу орох хөдөлгөөний тухайд, “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас зорчиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ПГУ буюу PCR шинжилгээний хариутай нэвтэрнэ. Бусад аймаг, орон нутгаас ирэх иргэдийг эрүүл мэндийн асуумжаар нэвтрүүлнэ” гэж заажээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор зорчих иргэд иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах ёстой гэнэ.

 

Холбоотой мэдээ