Хятадад найман сарын хугацаанд анх удаа коронавирустэй өвчтөн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-14 11:22:41

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-д найман сарын хугацаанд коронавирусээр халдварласан өвчтөн нас барсан анхны тохиолдол лхагва гарагт бүртгэгджээ. 


Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооных нь цахим хуудсанд пүрэв гарагт нийтэлсэн мэдээллээр, өнгөрсөн хоногт  БНХАУ-д коронавирусний халдварын 138 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан байна. Тус улсад 2020 оны тавдугаар сарын 16-наас хойш нас барсан тохиолдол бүртгэгдээгүй юм. Хятадын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, нас барсан тохиолдол Хэбэй мужид бүртгэгдсэн байна. 


Шинээр илэрсэн тохиолдлуудын 14 нь зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд үүний найм нь Шанхай хотод, гурав нь Гуандун мужид бүртгэгдсэн бол нийслэл Бээжин, Хэнань муж болон Гуанси-Жуаны өөртөө засах оронд тус тус нэг тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Үлдсэн 124 тохиолдол нь дотооддоо халдварласан бөгөөд 81 нь Хэбэй мужид, 43 нь Хар мөрөн мужид илэрсэн байна.


Цар тахал дэгдсэнээс хойш Хятадын эмч нар гадаадын орнуудаас ирсэн хүмүүсээс коронавирусний халдварын 4465 тохиолдлыг илрүүлснээс 4181 нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Одоогийн байдлаар 284 хүн эмчлүүлж байгаагаас гурвынх нь биеийн байдал хүнд байна. Гадаадаас БНХАУ-д ирсэн халдвартай хүмүүсээс нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.


Хамгийн сүүлийн мэдээллээр, БНХАУ-д халдвар авсан хүний тоо 87844-т хүрч, 4635 хүн нас барсан бол 82324 өвчтөн эдгэрчээ. Эрх баригчдын мэдээлснээр, одоо тус улсад өвчний 885 идэвхтэй тохиолдол байгаа бөгөөд халдвар авсан 24 хүний ​​биеийн байдал хүнд байна.


БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас шинж тэмдэггүй тохиолдлын талаар мэдээлж эхэлсэн юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд 78 ийм тохиолдол илэрсэн бөгөөд гурав нь гадаадаас иржээ. Одоогийн байдлаар тус улсад шинж тэмдэггүй 599 өвчтөн эмнэлгийн хяналтад байгаагаас 252 нь гадаадын орнуудаас ирсэн байна.


Холбоотой мэдээ