Баянгол, Баянзүрх дүүрэгт коронавируст халдварыг тандах шинжилгээ хийж байна

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-14 10:07:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд коронавируст  халдвар голомтлон гарсантай холбогдуулан өнөөдрөөс буюу 14-ний 06.00 цагаас эхлэн тус нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.


Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний хоёр цэгт Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн 500 гаруй алба хаагч ажиллаж байна. Энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулах тус шинжилгээнд дээрх хороодын 10 мянга орчим иргэнийг хамруулах бөгөөд шинжилгээний хариу бүрэн гарсны дараа халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцална. Энэ хугацаанд тус хороодод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана. Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвд өнөөдрөөс  эхлэн харьяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ. Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn  цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ