Богд суманд 500 гаруй тэмээ хорогджээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-01-12 17:41:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Ишдорж өвөлжилтийн хүнд нөхцөлд байгаа Богд суманд ажиллаж, иргэд малчидтай уулзан санал хүсэлтийг нь сонслоо. Энэ үеэр Засгийн газраас олгож буй 20 мянган боодол өвснөөс 5 мянган боодол өвсийг тус сумын малчдад хүргэж өгөөд байна.

Богд суманд 1220 малчин өрх 307 мянган толгой мал өвөлжүүлж байгаагаас 460 өрх айл бусад аймаг руу оторложээ. Чадалтай бүлтэй айлууд отроор явж, хүн хүчгүй, унаа тэрэггүй өрхүүд үлдсэн учраас суурин суугаа малчид руугаа илүү анхаарал тавихыг аймгийн даргын зүгээс хүсч байлаа. Сумын ахмад настнууд ийм хүйтэн, зутруу өвлийг үзэж байгаагүй хэмээж байсан ба хүн, малгүй ядарч зутарсан хүнд үед малчдаа эргэж тойрч байгаад талархаж байсан юм. Одоогоор тус суманд 500 гаруй тэмээ хорогдоод байгаа нь урд өмнө гарч байгаагүй хорогдол гэнэ. Мөн Богд суманд гурил, будааны үнэ нэмэгдэж, орлого багатай өрхүүдийн амьдрал доройтож байгааг хэлэх хүмүүс олон байв.

Аймгийн Засаг дарга иргэдийн асуултад хариулж, цаг үеийн мэдээлэл, зорилтот жилийн ажил, коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.  

Холбоотой мэдээ