Ц.Нандинбаяр: Иргэд зайлшгүй эмнэлэгт хандах шаардлагатай үед дуудлага өгөх, биечлэн ирэх хэрэгтэй

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-12 19:28:30

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Ц.Нандинбаяртай ярилцлаа.


-Он гарсаар танай тасгийн ачаалал хэр их байна вэ?

-Яаралтай түргэн тусламжийн тасгийн хувьд цар тахлын үеийн халдвар хамгааллын онцгой дэглэмийг барьж ажиллаж байна. Яаралтай тусламжийн 103 утсанд хоногт 15-25 дуудлага, сүүлийн 3 хоногт нийт 55 дуудлага ирсэн. Биечлэн ирж байгаа болон дуудлага өгсөн иргэдээс эмнэлзүйн шинж тэмдэг, тархварзүйн асуумж авахаас гадна халдварын голомтот бүс нутгаас ирсэн эсэх талаар хяналт тавьж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал тасгийн ачаалал буурсан, хүн амын дунд өвчлөл багассан харагдаж байна. Өнөөдрийн байдлаар осол гэмтлийн шинжтэй өвчлөл, угаарын хийн хордлого, артерийн даралт ихсэх өвчлөлийн дуудлага зонхилон ирсэн. Тэр дундаа хүйтний эрч чангарч, галлагаа эрс нэмэгдсэнтэй холбоотой зуух яндангийн аюулгүй ажиллагааг хангаагүй, буруу галлах зэргээс шалтгаалан угаарын хийн хордлого нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд анхаарал, болгоомжтой байхгүй бол амь, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл бий гэдгийг сануулъя.

-Өвлийн улиралд бага насны хүүхдүүд өвчлөлд өртөмтгий байдаг. Энэ жил харин намжмал байна уу?

-Энэ жилийн тухайд ковидтой холбоотой сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хязгаарлагдсан учир бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл эрс буурсан. Бусад төрлийн өвчлөл ч харьцангуй бага байна. Өмнөх жилүүдэд нийт дуудлагын ихэнх хувийг хүүхдийн өвчлөл эзэлдэг байсан. Цаашид эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих, эрүүл мэндийг нь тогтмол хянах, гэр бүлийн орчин дахь халдвар хамгааллыг сахих нь чухал юм.

-Иргэд зайлшгүй нөхцөлд л эмнэлэгт хандаж байгаа юу?

-Бидний хувьд яг энэ зөвлөгөөг ард иргэдэд өгч байгаа. Тухайн иргэн зайлшгүй эмнэлэгт хандах шаардлагатай үед дуудлага өгөх, биечлэн ирэх хэрэгтэй. Өмнө нь иргэд хөнгөн хэлбэрийн халуурах, ханиалгах зэрэг чухал хэрэгцээгүй үед дуудлага өгдөг нь ачааллыг нэмэгдүүлдэг байсан бол сүүлийн үед буурсан. Нэг ёсондоо иргэдийн ухамсар дээшилсэн, эрүүл мэндийнхээ төлөө санаа зовнидог болжээ. Мөн эрсдэл гаргахаас айх эмээх байдал ажиглагдаж байгаа. Цаашид иргэд зайлшгүй шаардлагатай нөхцөлд яаралтай тусламжийн тасаг болон хүлээн авах утсанд хандах хэрэгтэй. Мөн анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж авах, яаралтай тусламжийн 103, эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, бүх төрлийн эрүүл мэндийн зөвлөгөөг авах боломжтой.

-Баярлалаа.

Холбоотой мэдээ