"Culture Project Proposal-2021" төслөөр аймаг сумдын урлаг соёлыг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-05 15:50:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн агентлаг соёл урлагийн төслийн уралдаант шалгаруулалт зарлаж, соёл урлагийн байгууллагуудаас санал хүлээн авч эхэллээ. "Culture Project Proposal-2021" төслийн хүрээнд орон нутаг, аймаг сумдын урлаг соёлын байгууллага, соёл урлагийн салбарт анхлан хөл тавьж буй залуу уран бүтээлчдийг соёл урлагийг хөгжүүлэх залгамж халаа болгон бэлтгэхэд онцгойлон анхаарахаа мэдэгдэж байна. 

Мөн соёл урлагийн өнөөдрийн тогтолцоог сайжруулах бодлогын хүрээнд соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, сэргээн засварлах төслүүдийг дэмжихээ илэрхийлэв. 

Уралдаант төслийг уран зохиол, шүлэг найраглал, уран зураг, хөгжим, театр, жүжиг, бүжиг, дуурь, дүрс бичлэгийн бүтээл, зохиомж, гэрэл зураг зэрэг соёл урлагийн олон талын онцлог төрлийг баяжуулан хөгжүүлэхэд хувь нэмэр болох зорилготой уламжлалт болон орчин үеийн урлагийн аль ч төрөл хэлбэрээр энэ оны 2 дугаар сарын 28 хүртэл зарлажээ.  

Монгол, Швейцар хоёр улсын хооронд туршлага солилцох, урлагийн олон төрлийн бүрдлийг агуулсан саналд нээлттэй байх аж.  Монголын урлаг, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах зорилготой болон хилийн чанадад суурьшсан Монгол туургатны олон үндэсний соёл урлагийн харилцан солилцоог дэмжих төслийг мөн шалгаруулалтад хамруулах аж. 


Холбоотой мэдээ