Ж.Байдены тангараг өргөх ёслолыг хураангуй хэлбэрээр зохион байгуулна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-05 10:46:22

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены тангараг өргөх ёслолыг нэгдүгээр сарын 20-нд тусгаарлалтын дүрэм журмын дагуу хураангуй хэлбэрээр зохион байгуулна.


Зохион байгуулагчид коронавирусний цар тахлын улмаас ёслолын үеэр болох цэргийн парадаас татгалзжээ. Уламжлал ёсоор шинэ ерөнхийлөгчийн Цагаан ордонд хүрэх замд бөөгнөрөн цуварсан хэдэн арван мянган хүн хоёр цаг орчмын хугацаанд баярын жагсаалыг үзэж сонирхдог. Харин энэ удаад цахим хэлбэрээр хийсэн баярын жагсаалыг телевизүүд дамжуулан үзүүлэх аж.


Тангараг өргөх ёслолын дараа Байден, АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нар Капитолийн толгод дээр цэргүүдийн уламжлалт үзүүлбэрийг үзэх юм. Америкийн Зэвсэгт хүчний бүх салбарын төлөөлөгчид тусгаарлалтын дүрмээ сахиж тэдний урдуур явж өнгөрөх аж. Үүний дараа цэргийнхэн Байденыг Цагаан ордон руу хүргэж өгнө.


АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдах хүмүүсийн тоог багасгана гэдгээ тангараг өргөх ёслолын хороо өмнө нь мэдэгджээ. Энэ өдөр зөвхөн Конгрессын гишүүдийг хүрэлцэн ирэхийг зөвшөөрсөн бөгөөд гишүүн бүр нэг зочныг урих боломжтой.

Холбоотой мэдээ