Сирид шугамын автобусууд халдлагад өртжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-01-04 10:16:28

БЕЙРУТ. /RIA Novosti/. Ням гаргийн орой Сирийн Хама мужийн Саламия хотын дүүрэгт шугамын гурван автобус болон шатахуун тээвэрлэгчийн цуваа террористуудын халдлагад өртжээ.


Халдлагын улмаас есөн хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан гэж мужийн захирагч Мохаммад Криштати мэдээлсэн байна.


“Al-Masdar” мэдээллийн цахим хуудсанд мэдээлснээр, халдлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн бүрэлдэхүүнд ордог бүлэглэл үйлдсэн байна. Хэргийн газарт ирсэн Сирийн цэргүүд зэвсэглэсэн этгээдүүдийг мөшгиж байгаа аж.


“Лалын улс”-ын өөр нэг бүлэглэл 12 дугаар сарын 30-нд Палмира болон Дейр-эз-Зор хот хоорондын зам дээр зорчигч тээврийн автобус руу халджээ. Халдлагын улмаас 25 хүн амиа алдаж, 13 хүн шархадсан байна. Хэт давруу үзэлтнүүд тээврийн хэрэгслийг шатааж, хилийн орчмын цөл рүү зугтжээ. Цэргийн алба хаагчид шархадсан хүмүүсийг Дейр-эз-Зор хотын эмнэлэгт хүргэсэн байна.


Террористууд 12 дугаар сарын эхнээс хойш Алеппо, Хама, Ракка мужуудын уулзвар дахь гурвалжин руу хийж буй дайралтаа эрчимжүүлжээ. Сирийн Зэвсэгт хүчний командлал энд нэмэлт хүч байрлуулж, Алеппо руу хүрдэг стратегийн зам дээр тогтоосон хяналтаа алдаагүй байна. Байлдааны үеэр 39 террористыг устгажээ.


Холбоотой мэдээ