"Switch Asia" Монгол Улсад 4 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-06-02 17:35:59

Еюропын холбооноос "Switch Asia" дахь төрийн бус оролцогчдын оролцоо ба бүс нутгийн хамтын ажиллагаа" сэдэвт өндөр түвшний олон улсын  уулзалт Туушин зочид буудлын хурлын танхимд болж байна.

Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтад 12 орны 70 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Монгол Улс Ази-Европын орнуудын 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулж буйтай холбогдуулан тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 4 дэх төслөө хэрэгжүүлж эхлээд буй юм. Европын холбооноос санхүүжүүлдэг томоохон хөтөлбөр болох "Switch Asia" нь Азид тогтвортой хэрэглээ болон үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм.

"Switch Asia" хөтөлбрийн  Төслийн багийн ахлагч Юви Вибир ярихдаа, "Switch Asia" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад 4 төсөлд 4 сая еврогийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр төслүүд нь ногоон бүтээгдэхүүн, ногоон шошгийг дэмжих, барилгын салбарыг хөгжүүлэх зорилготой юм. Монгол улсад 2014 онд хонины ноос ашиглан байгаль орчинд ээлтэй барилгын дулаалгын материал үйлдвэрлэх төслийг Европын холбоо болон Чех улсын "People in need" төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн. Мөн өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн 1 сая 250 мянган еврогийн санхүүжилтээр Монгол Улсын барилгын салбарт  нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих  төслийг эхлүүлээд байна. 4 жилийн хугацаанд хэрэгжих эл төслийн хүрээнд ЖДҮ-үүд цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд туслахаас гадна хаягдал бүтээгдэхүүн бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах 3 R  зарчмыг нэвтрүүлнэ" гэлээ.

Switch Asia"  хөтөлбөр нь Азийн 18 улсад 2007 оноос хойш 90 гаруй төсөл болон  бодлогыг дэмжих үйл ажиллагаа хэрэгжүүлж 2007-2020 хүртэл 300 гаруй сая еврогийн санхүүжилт олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ