Гэмт хэргийн улмаас 901,6 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-30 17:57:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 онд өмнөх оны үлдэгдэл 16 хэргийг нэмж нийтдээ 247 эрүүгийн хэрэг хүлээн авчээ. Үүнээс 6 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 232 хэргийг хянан шийдвэрлэжээ. Одоо үлдэгдэл 23 хэрэг байна.

Шийдвэрлэсэн нийт хэргийг өмнөх оныхтой харьцуулахад 36 хэргээр буюу 18 хувиар өссөн аж.

2020 онд шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг 3, үүнээс хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах 1, хүний амийг болгоомжгүйгээр хохироох 2, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах 2, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 98, хүчиндэх 3, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 1, заналхийлэх 1, хүүхэдтэй хэрцгий хандах 1, хулгайлах 34, залилах 9, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших 4, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших 11 гэмт хэрэг байна.

Мөн эд хөрөнгө устгах, гэмтээх 3, мал хулгайлах 12, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 6, хахууль авах 3, хахууль өгөх 2, хууль сахиулагчийг эсэргүүцэх 3, хууль бусаар ан агнах 6, хууль бусаар мод бэлтгэх 9, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 2, соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх 1, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 16 эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Шүүхээр ял шийтгүүлсэн 246 хүний 64-ийг нь хорих ялаар, 146 хүнийг торгуулийн ялаар, 36 хүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэжээ. Түүнчлэн 35 хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 17 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна. Шүүхээс оногдуулсан торгуулийн нийт хэмжээ 182,7 сая төгрөг байгаа аж.

Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 232 эрүүгийн хэргийн улмаас 319 эрэгтэй, 59 эмэгтэй, насанд хүрээгүй 10 хүүхэд, 1 хуулийн этгээд, 23 төрийн байгууллага хохирч, 7 хүн нас баржээ. 107 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 7 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 11 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 901,6 сая төгрөг байна.

Холбоотой мэдээ