Өмнөд Африкт тархсан коронавирусний хувилбар илүү аюултай гэх мэдээллийг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-12-25 16:46:52

ПРЕТОРИА. /Anadolu/. Өмнөд Африкт илэрсэн коронавирусний шинэ хувилбар бусад орныхоос илүү аюултай, халдвартай гэх нотолгоо байхгүй байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Звели Мхизе мэдээлжээ.


З.Мхизе Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкокийн лхагва гарагт хэлсэн үг Өмнөд Африкт тархсан хувилбар Их Британид дэгдсэн халдварын хоёр дахь давлагаатай ихээхэн холбоотой гэх ойлголтыг төрүүлсэнд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.


“Энэ бол буруу. Их Британид тархсан хувилбар Өмнөд Африкт илэрсэн хувилбараас эрт үүссэнийг харуулах нотолгоо бий” гэж З.Мхизе хэлжээ. Их Британи коронавирусний шинэ хувилбар тархсантай холбогдуулан Өмнөд Африкаас ирэх хүмүүсийг хилээр нэвтрэхийг лхагва гарагт хориглосон байна.


Мөн Өмнөд Африкт тархсан шинэ хувилбар Их Британид илэрснээс илүү халдвартай бөгөөд илүү хувьсан өөрчлөгдсөн бололтой байгаа тул маш их санаа зовниж байна гэж М.Хэнкок лхагва гарагт мэдэгдсэн юм.


Их Британид Өмнөд Африкт тархсан хувилбараар халдварласан анхны тохиолдлууд мягмар гарагт бүртгэгдсэн Халдвар Өмнөд Африкаас ирсэн хоёр хүнээс илэрсэн юм. Үүнтэй холбогдуулан Их Британи Өмнөд Африкаар зорчсон болон тус улсаас ирсэн хүмүүстэй ойр байсан хүмүүст нэн даруй тусгаарлагдахыг үүрэг болгожээ.


“Их Британи, Өмнөд Африк хоорондын зорчих хөдөлгөөнд хориг тавьсан нь харамсалтай шийдвэр байлаа. Ийм шийдвэрийг илүү шинжлэх ухаанч нотолгоонд үндэслэн гаргах хэрэгтэй. “501.V2” хувилбар Их Британи төдийгүй бусад улс оронд тархсан хувилбаруудаас илүү хүндээр өвчлүүлдэг, нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэх нотолгоо байхгүй” гэж З.Мхизе мэдэгдсэн байна.


Их Британи коронавирусний шинэ хувилбар Английн Кент гүнлэгт есдүгээр сарын 20-ний үед тархсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн нь Өмнөд Африкт шинэ хувилбар илрэхээс ойролцоогоор сар орчмын өмнө юм гэж Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд нэмж хэлжээ.


Африкийн орнууд дундаа халдвар хамгийн их тархсанд тооцогдож буй Өмнөд Африкт 968 563 хүн халдвар авч, 25 983 хүн нас баржээ. Их Британийн хувьд халдварын 2.2 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 69 731 хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ