ОУСК-иас 130 сая ам.долларын зээл олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-18 11:53:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-иас Монголын бизнесийн орчин, ажил эрхлэлтийг дэмжих стратеги зорилтын хүрээнд, "М-Си-Эс Групп"-т 130 сая ам.долларын урт хугацаатай зээл олголоо.

Тодруулбал, бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулж, 10 мянга гаруй ажилтантай, 20 мянга орчим жижиг дунд бизнесийн харилцагч, ханган нийлүүлэгчээр ажилладаг тус группт энэхүү зээлийг олгон "COVID-19"-ийн цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалан, хөрөнгө оруулалтуудыг зогсоолгүй үргэлжлүүлэх боломж бүрдүүлж буй аж. Ингэснээр Монгол Улсын эдийн засагт чухал дэмжлэг болж байгаа юм гэж Дэлхийн Банкны гишүүн байгууллага ОУСК-иас мэдээллээ. 


ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов энэ талаар хэлэхдээ, “Монголын эдийн засагт "COVID-19"-ийн цар тахал хүндээр нөлөөлж байгаа энэ үед бизнесийн байгууллагуудыг богино болон урт хугацааны санхүүжилтээр хангах нь амин чухал ач холбогдолтой. Эгзэгтэй энэ цаг үед бизнесийн системийн хувьд чухал үүрэгтэй компанид зээл олгож байгаа нь ОУСК-ийн зүгээс цар тахлыг эдийн засгийн эрсдэл, хүндрэл багатай даван туулахад Монгол Улсыг тууштай дэмжих бодлогын тод илрэл юм” гэж онцлов.



Холбоотой мэдээ