Отроор өвөлжиж байгаа аймаг, сумдын Засаг дарга нартай гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-17 15:33:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг энэ сарын 16-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд ажиллалаа. Булган аймагт Өвөрхангайгаас 200-гаад малчин өрх 150 гаруй мянган малтай отроор өвөлжиж байгаа юм. 

Отроор очсон малчид заасан газарт нь тогтдоггүй, сэлгэн нүүдэллэдэг, өвөлжиж, хаваржсан газраа малын сэг зэм, хогоо хаяад явдаг, оторлуулсан сум нь бэлчээр усаа харамлан хөөж туудаг гэхчлэн отор дагасан маргаан зөрчил их байдаг. Тиймээс Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж Булган аймгийн Засаг дарга болоод Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн зэрэг  малчид олноор оторлож байгаа сумдын Засаг дарга нартай санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд малчдыг ая тухтай өвөлжүүлж, хаваржуулах, эрүүл мэндийн болоод бусад төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, ямар нэг дарамт шахалт үзүүлэхгүй байх, туслалцаа дэмжлэг үзүүлж ажиллах талаар тусгасан бол малчдад очсон газар нутгаа хайрлаж, халдвар хамгааллын дэглэмийг сахих үүргийг заажээ.

Булган аймгийн найман суманд оторлож байгаа малчдадаа төрийн үйлчилгээг хүргэх зардлыг Өвөрхангай аймгийн төсвөөс тухайн сумдад олгохоор шийдвэрлээд байна.

Холбоотой мэдээ