Орхигдуулсан зардал эргээд өр болж буйг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-12-17 18:08:43

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат сум, тосгодын удирдлагууд болон 200 гаруй төрийн албан хаагчтай цахим хурал хийж, цаг үеийн чухал асуудлуудаар үүрэг даалгавар өглөө. 

 

Хуралд, Хэнтий аймгийн 18 сумын Засаг дарга нар, сумдын засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар, тосгоны захирагчид, ажлын албаны дарга нар, сумдын төсөвт байгууллагуудын удирдлагуудыг хамруулжээ.

 

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат иргэдийн олонхын саналыг авч сумынхаа Засаг даргаар томилогдсон нийт Засаг дарга нарт уулзалтын эхэнд баяр хүргэлээ. Тэрбээр үргэлжлүүлээд шинэ Засаг дарга нартай ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан боловч /Ковид-19/ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж цахимаар хуралдаж буйгаа дуулгаад, сумдын удирдлагуудад мэдээлэл, үүрэг, чиглэл өгснийг тоймлон хүргэж байна.

Нэгдүгээрт, 2021 оны ОНХС-гийн төсөв 9,5 тэрбум төгрөгөөр батлагдаж ирсэн. Энэ нь 2020 оныхоос нэг тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдсэн. Төсвийн тухай хууль, ОНХС-г зарцуулах журмаар 30 хувийг нь сумдад хуваарилж, 70 хувийг нь аймаг зарцуулах эрхтэй боловч сум орон нутагт шийдвэрлэх цөөнгүй тулгамдсан асуудал байгаа учраас ОНХС-гийн 50 хувийг сумдад хуваарилж байгааг мэдэгдлээ. Ингэснээр аймагт олгогдох нэг тэрбум гаруй төгрөг сумдад хуваарилагдаж байгаа гэсэн үг аж.

Хоёрдугаарт, Төсвийн сахилга баттай ажиллахыг сумдын удирдлагуудад анхаарууллаа. Тухайлбал, өнгөрсөн 9-р сарын байдлаар зарим сумын инженерийн шугам сүлжээ, халаалтын зардлаас шалтгаалж Хэнтий аймаг 800 сая төгрөгийн өрөнд орсон. Үүнээс 150 сая төгрөгийг төсвийн тодотголоор, үлдсэн 650 сая төгрөгийг Сангийн яаманд хүсэлт удаа дараа уламжилж, зөвшилцөж шийдвэрлэсэн. Тиймээс цаашдаа сумандаа инженерийн шугам сүлжээ, дулааны зардлаа шийдвэрлэсэн Баян-Адарга, Баян-Овоо сумын туршлагаас судалж, анхаарч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов. Үүнчлэн сумдад Эрчим хүчний зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсээс сумдын инженерийн шугам сүлжээний халаалтын м.куб-ын зардлын үнийг тогтоохоор боллоо.

Гуравдугаарт, Хэнтий аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын ажлаас шалтгаалж, төрийн байгууллагуудын урсгал зардлууд нэмэгдэж байна. Гурван сумын Засаг даргын Тамгын газрын барилга ашиглалтад орсноор 334 сая төгрөгийн зардал гарч ирж байна. Халаалтын зардлыг үр ашигтай байдлаар шийдвэрлэхгүй бол 2022 оноос аймгийн гурван тэрбум төгрөгийн орлого халаалтын зардал руу шилжих нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Тиймээс төсвийн байгууллагуудын халаалтын зардлыг ирэх оныхоо төсөвт зайлшгүй тусгах ёстойг анхаарууллаа. Тухайлбал, 2021 оны төсөвт Батширээт, Дэлгэрхаан сум спорт заалны халаалтын зардлыг орхигдуулсан. Орхигдуулсан зардал нь эргээд өр болж буйг сануулж, төсвийн төлөвлөлтөө цаг алдагдуулахгүй ирүүлэх ёстойг анхааруулав.

Дөрөвдүгээрт, Шилэн данс хөтлөлтийг УИХ, Үндэсний Аудитын газар танилцуулахад Хэнтий аймаг 87,2 хувьтай үнэлэгдсэн байна. Энэ оны гуравдугаар улирлын дүнгээр Хэрлэн сумын Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төв, Өндөрхаан хот тохижилт ОНӨҮГ, Хэрлэн сумын 9, 10-р цэцэрлэг, Гурванбаян тосгоны сургууль, цэцэрлэг, соёлын төв, Өлзийт тосгоны сургууль, цэцэрлэг, соёлын төв, Бор-Өндөр сумын ИТХ, Өрхийн эрүүл мэндийн төв, ЕБС, “Их Ирээдүй”, “Нархан” цэцэрлэг, Бор-Өндөр хот тохижилтын газрын шилэн дансны тайлан байхгүй учраас аймгийн дүн доогуур үнэлэгдсэнийг аймгийн Засаг дарга мэдэгдлээ. Ирэх жилүүдэд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тухайн ажлыг 100 хувийн үнэлгээтэй болгохоор төлөвлөсөн. Тиймээс шилэн дансны тайланг цаг тухай бүрт нь байршуулж ажиллахыг хүслээ.

Тавдугаарт Сумдаас автомашин авах санал цөөнгүй ирж байна. Бид аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаанаар Хэрлэн, Цэнхэрмандал, Баян-Овоо сумын автомашиныг шинэчлэх шийдвэр гаргасан. Автомашинаа шинэчлэх шаардлагатай сумдын асуудлыг дэс дараатайгаар шийдвэрлэнэ гэлээ.

Зургаадугаарт, Орон тоо, төсөвтэй холбоотойгоор сумдаас ирүүлсэн цалингийн сантай холбоотой саналыг судалж үзэхээр боллоо.

Долдугаарт, 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Малын хөлийн татварын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Тиймээс СТСХ-ийн дарга С.Нямдаваагаар ахлуулсан Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Татварын хэлтсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, татвар, зохион байгуулалттай холбоотой жишиг дүнг сумдад хүргэсэн байна. Санал болгосон дүнг мөрдөн ажиллах тухайн сумын ИТХ-ын шийдвэрээс шалтгаална. Тиймээс сумдын удирдлагуудыг малчдаасаа санал авах ажлыг зохион байгуулахыг даалгалаа. Ингэхдээ жилийн эцсийн мал тооллогын ажилтай хамтатган зохион байгуулах саналыг дэвшүүлэв. Мал тоолж буй төрийн албан хаагчид иргэдээс санал авч, саналаа нэгтгэж, хурлаараа оруулахыг зөвлөлөө. Цаашлаад малын хөлийн татварын орлогыг Хөдөө аж ахуйн салбар, малчид руугаа чиглэсэн ажилд зарцуулах ёстойг анхаарууллаа.

Наймдугаарт, Сумдын Засаг дарга нар үйл ажиллагааны төлөвлөгөөндөө нэг жилд нэг салбар, нэг ажлыг онцгойлон авч үзэж, бүрэн шийдвэрлэх хэрэгтэйг чухалчлав. Мөн сумандаа хийх ажлын талаар ард иргэдээсээ санал авч, хариуцлагатай хандахыг хүслээ.

Холбоотой мэдээ