Байден сонгогчдын коллегийн саналын тоогоор Трампаас илүүрхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-15 09:17:29

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байдан сонгогчдын коллегийн саналын тоогоор тус улсын одоогийн Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг ардаа орхилоо гэж “The Washington Post” сонин мэдээлжээ.


Сонгогчдын коллегийн гишүүдийн санал хураалт даваа гарагт болсон юм. Хамгийн түрүүнд Вермонт муж улсын сонгогчдын төлөөлөгчдийн санал хураалт дуусаж, Жо Байденыг АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийн хувиар дэмжсэн байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, тус муж улсын сонгогчдын коллегийн гурван гишүүн бүгд Байденд саналаа өгчээ.


Дараа нь улс төрийн шинжлэх ухааны сүлжээний “270towin.com” цахим хуудсанд мэдээлснээр, Нью-Хэмпшир (4 гишүүнтэй), Индиана (11), Теннесси (11) муж улсуудын төлөөлөгчид саналаа өглөө. Эхнийх нь Байденыг, хоёр дахь, гурав дахь нь АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжжээ.


Бүгд найрамдахчууд сонгуулийн дүнг нь хүчингүй болгохыг шаардаж байсан Невада муж улсын төлөөлөгчид ч мөн Байденыг дэмжлээ гэж “The Washington Post” сонин мэдээлсэн байна. Невада дахь ялалт Ардчилсан намын нэр дэвшигчид зургаан санал авчирчээ. Өмнө нь бүгд найрамдахчууд энэ муж улсын сонгуулийн дүнг хүчингүй болгож, Трампыг ялсныг хүлээн зөвшөөрөхийг шаардаж, шүүхэд хандсан юм. 12 дугаар сарын 4-нд Невада муж улсын тойргийн шүүх нэхэмжлэгч тал Байдены сонгуулийн штабыг буруутгасан баримтуудаа үндэслэлтэй эсэхийг нотолж чадаагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Бүгд найрамдахчууд Ардчилсан намыг сонгогчдын саналыг худалдаж авсан гэж буруутгасан юм.


Саналын хуудсыг дахин тоолсон Жоржиа муж улсын сонгогчдын коллеги (16 гишүүнтэй) мөн л Байденд саналаа өгч, Камала Харрисыг АНУ-ын дараагийн дэд ерөнхийлөгчөөр дэмжсэн талаар “Fox 10” телевиз мэдээлсэн байна. 11 дүгээр сарын 3-нд болсон Америкийн бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг өмнө нь тус муж улсад хоёр ч удаа тоолсон юм. Албан ёсны дүнгээр Байден сонгогчдын 49.5 хувийн (2 473 633) санал авч ялсан бол 49.26 хувь нь (2 461 854) Дональд Трампт саналаа өгчээ.


Аризона, Пенсильвани, Нью-Йорк болон Висконсин муж улс дахь нөхцөл байдал

Бүгд найрамдахчууд мөн л сонгуулийн дүнд нь эргэлзэж байсан Аризонагийн сонгогчдын коллегийн санал хураалт дууслаа гэж “The New York Times” сонин мэдээлж байна. Муж улсын бүх 11 төлөөлөгч Байденд саналаа өгч, Камала Харрисыг АНУ-ын дараагийн дэд ерөнхийлөгчийн хувиар дэмжжээ. Сонгуулийн албан ёсны дүнгээс үзвэл, Аризонагийн сонгогчдын 49.4 орчим хувь нь Байденыг, 49.1 хувь нь Трампыг дэмжсэн байна.


11 дүгээр сарын 3-нд болсон сонгуулийн дараа Трампын төлөөлөгчид саналыг хуудсыг дутуу тоолсон гэж үзэн Аризонагийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хожим нь бүгд найрамдахчууд хянан хэлэлцэх ажиллагааг найдвар багатай гэж үзэж нэхэмжлэлээ буцаасан байна. Муж улсын эрх баригчид сонгуулийн үеэр их хэмжээний зөрчил гараагүй гэж мэдэгдэж байгаа юм.


Висконсин муж улсад сонгогчдын коллеги (10) Ардчилсан намын нэр дэвшигчид саналаа өгчээ. Албан ёсны дүнгээр, тус муж улсад Байден сонгогчдын 49.57 хувийн саналаар (1 630 866) ялсан бол Трамп 48.94 хувийн санал (1 610 184) авсан байна. Висконсины Дээд шүүх 221000 гаруй саналын хуудсыг хүчингүй болгохыг шаардсан АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн нэхэмжлэлийг даваа  гарагт дахин хэрэгсэхгүй болгожээ.


Пенсильвани муж улсын сонгогчдын коллегийн гишүүд бас Байденыг дэмжсэн байна. “АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад 20 хүн Жо Байденд, мөн дэд ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад 20 гишүүн Камала Харрист саналаа өглөө” гэж тус муж улсын сонгогчдын коллегийн дарга Нэнси Миллз мэдээлжээ.


Нью-Йорк муж улсад сонгогчдын коллегийн бүх 29 гишүүн бүгд мөн л Байденд саналаа өгсөн гэж “СNN” телевиз мэдээлж байна. Тус телевизээр мэдээлснээр, муж улсын засаг захиргааны төв болох Олбани хотод болсон санал хураалтад АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн  нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар оролцжээ. Тэд өмнө нь сонгогчдын коллегийн гишүүн болсон юм. Нью-Йоркийг Ардчилсан намын түшиц газар гэж үздэг. Муж улсын сонгогчид 1984 оноос хойш Ардчилсан намаас ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд найман удаа саналаа өгчээ.


Флорида, Мичиган, Техас, Калифорни муж улсуудын нөхцөл байдал

Флорида муж улсын сонгогчдын коллеги Трампыг 29 саналаар дэмжсэн гэж “The Florida Channel” мэдээлэв. Флоридагийн захирагч Рон Десантис (Бүгд найрамдах нам) бага насны охины хамт санал хураалтад оролцжээ. 28 гишүүн саналаа өгсөн бөгөөд нэг нь хүндэтгэх шалтгааны улмаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөө илгээсэн байна.


Трампын штабаас сонгуулийн дүнг хүчингүй болгохыг шаардаж байсан Мичиган муж улсын сонгогчдын коллеги (16) Байденыг дэмжлээ гэж CNN телевиз мэдээлжээ. 11 дүгээр сарын 3-нд болсон бүх нийтийн сонгуулийн албан ёсны дүнгээс үзэхэд, Байден сонгогчдын 50.62 хувийн (2.804.040) дэмжлэгийг авсан бол Трампт нийт сонгогчдын 47.84 хувийн (2.649.852) саналаа өгсөн байна. Мичиганы Дээд шүүх Трампын сонгуулийн штабаас гаргасан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй санал зөрөлдөж байгаагаа илэрхийлсэн нэхэмжлэлийг 12 дугаар сарын 11-нд буцаажээ. Долоо хоногийн өмнө муж улсын давж заалдах шатны шүүх бүгд найрамдахчуудын нэхэмжлэлийг мөн л хэрэгсэхгүй болгосон байна.


Техас муж улсад сонгогчдын төлөөлөгчид Трампыг дэмжжээ. Тус муж улсын бүх 38 гишүүн Трампын төлөө саналаа өгсөн байна. Харин сонгогчдын коллеги нь хамгийн олон гишүүнтэй (55) Калифорнид Байден ялалтаа баталгаажуулжээ. Түүнийг сонгогчдын коллегийн гишүүдийн 63.5 хувь нь дэмжсэн бол Трамп 34.3 хувийнх нь дэмжлэгийг авчээ.


Ингэснээр Байден 302 санал авч байгаа бөгөөд сонуульд ялахад сонгогчдын төлөөлөгчдөөс 270 санал авахад л хангалттай юм.

Холбоотой мэдээ