Баярын ажиллагаа үлгэрийн баатрууд, ихэр хүүхдүүдийн жагсаалаар эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭнэ жилийн Хүүхдийн баярыг Дорнод аймагт “Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” нэрийн дор тэмдэглэнэ. Баярын ажиллагаа Тусгаар тогтнолын талбайд үлгэрийн баатрууд, ихэр хүүхдүүдийн жагсаалаар эхэлж, Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн Мөрөөдлийн цаасан шувууг хамгийн өндөрт хөөргөсөн хүүхдийн мөрөөдлийг биелүүлснээр үргэлжлэх юм.
Мөн “Миний тоглоом”, “Миний амттан” хотхонууд ажиллаж, оролцох аж ахуйн нэгж байгууллагууд хөнгөлөлттэй үнээр хүүхдүүдэд үйлчлэх гэнэ.
Энэ өдрийн “Ихэр заяа” нэртэй тусгай хөтөлбөрт ихэр хүүхдүүдийн төлөөлөл оролцож аймгийн Засаг дарга тэдэнтэй уулзаж, үгийг нь сонсох ажээ.
“Бурхан будда” цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдэд зориулсан завьтай аялал, Хөгжимт драмын театрт “Аз жаргалтай хүүхэд нас” тоглолт болохоос гадна Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах ажил зохиогдоно гэдгийг өнөөдөр болсон Хэвлэлийн хурлын үеэр зохион байгуулагчид мэдээллээ.
Б.Туяа