Дундын бүсэд нүүрс тээврийн 150 машин солилцох хэлэлцээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-13 16:49:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор өвлийн улиралд жирийн үед 220-230 машин нэвтэрдэг. Хөрш орны шаардлагын дагуу өнөөдөр 25-30 машин нэвтэрч байна.


Энэ нөхцөл байдлыг сайжруулахын тулд БНХАУ-ын талд санал тавьж, 11 сарын 29-өөс хойш Монгол Улсын 50 жолоочийг Эрээний талд байршуулан, дундын бүсэд машин солилцох байдлаар өдөрт 150 машин солилцох хэлэлцээ хийж байна.


Одоогоор 18 жолоочийн шинжилгээ “сөрөг” гарч, БНХАУ-д  тусгаарлалтын хугацаа дууссан. Эрүүл 32 жолоочийн хязгаарлалтын дэглэм ирэх лхагва гарагт дуусна. Ингэснээр өдөрт 150 машин явуулахад нэмэр болно гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар хэвлэлийн хурлын үеэр дурдав.


Жижиглэн худалдаа, бизнес эрхэлж, Замын-Үүд боомтоор бараа бүтээгдэхүүнээ оруулж ирдэг  байгууллагын төлөөлөл өчигдөр цахимаар хуралдаж, хоёр ажлын хэсэг байгуулав.


“Ажлын хэсгийн дүгнэлт сонссоны дараа зохих арга хэмжээ авна. Урд хөршийн тавьж буй эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой хугацаа алдах хандлага байгаа”-г тэрбээр хэллээ.


Монгол Улсад коронавирусний халдвар гарсан ч уул уурхайн бүсээ эрүүл, эрсдэлгүй бүс болгож, дотоодын цэргийн хүчээр хамгаалж, тухайн бүс дэх бүх иргэнийг шинжилгээнд хамруулж дуусжээ. 

Холбоотой мэдээ