Өнөөдөр галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэлхийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-09-28 18:15:30

Жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг дэлхий дахинд галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх өдөр болгон 2007 оноос эхлэн тэмдэглэж эхэлжээ.

Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг зоонозын халдварт өвчин юм. Зэрлэг махчин болон тэжээвэр амьтад халдварын эх уурхай болдог ба бог, бод мал, нохой, муур, гахай, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг амьтад өвчилдөг. Хүнд халдварлах зам нь өвчилсөн амьтдад хазуулах, уруулах, шүлсдүүлэх үед халдвар дамжиж, хэрэв галзуу өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахгүй бол өвчилж, нас барах эрсдэлтэй өвчин юм. Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг.

ДЭМБ-ын мэдээгээр галзуу өвчин нь дэлхийн 150 гаруй улсад тархсан бөгөөд уг өвчний улмаас жилд 55.000 хүн эндэж, 10 минут тутамд нэг хүн нас бардаг. Галзуу өвчний эрсдэлд өртсөний улмаас 327.000 хүн галзуу өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад хамрагддаг ба эдийн засагт үзүүлж буй хор хохирлоороо тавдугаарт ордог байна. Иймд анх 2007 оны есдүгээр сарын 28-нд “Дэлхий дахинд галзуу өвчинтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн 135 оронд энэ өдрийг тэмдэглэж, “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон мянган хүмүүст хүргэдэг байна.

Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

Иргэд галзуу өвчний үүсгэгчийг тээгч амьтдад хазуулахаас сэргийлэх

Өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн амьтдыг устгуулах зэрэг арга хэмжээг авах

Өөрийн мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгууллагын хяналтад байлгах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах

Хэрэв галзуу өвчний сэжигтэй амьтанд хазуулбал ямар арга хэмжээ авах вэ?

Гэрийн нөхцөлд шархыг савантай усаар 5 минутын турш сайтар савандаж угаах, хэрэв тамедин зэрэг уусмал байвал тухайн уусмалаар шавшиж угаах

Эмчид яаралтай хандах, эмнэлгийн нөхцөлд шарханд анхны цэгцлэлт хийлгэх

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын байгууллагад мэдээлж, галзуу өвчний эсрэг вакцины бүрэн тунд хамрах шаардлагатай.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд