Монголын Үндэсний музей: Урд улаан үнээт уулын доргоны арьсан дах

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-12-05 09:34:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Урд улаан үнээтийн уулнаас олдсон Доргоны арьсан дахыг толилуулж байна.

Энэхүү дах нь уг уулын зүүн энгэрт байдаг хадны оршуулгаас олджээ.

Сэнжит хадны зүүн доод хэсэгт 670 см урт, 230 см өргөн, баруун болон зүүн хойд талдаа нэжгээд амтай намхавтар агуйн хонгилд энэхүү дурсгалыг хийсэн байв.

Агуйн баруун амны гадна талд хар сортой зэрлэг амьтны (дорго) арьсаар хийсэн хувцасны тасархай хэсэг шарилын хамт олдсон бөгөөд 45-55 орчим настай, эрэгтэй хүнд уг хувцсыг өмсгөн оршуулсан байжээ.

Цайвар шаргал өнгөтэй, урт хар сортой, өтгөн ширүүн үстэй доргоны арьсаар хийж, зах, хөвөөг нь бор өнгөтэй, нарийн зөөлөн, богино үстэй, гялгар сортой, үнэт ангийн арьсаар эмжин урлажээ. Олдворын баруун энгэр, ар тал харьцангуй том үлдэгдэлтэй, зүүн талын энгэр, ар, ханцуй тус бүр 50 хувь орчим үлдэгдэлтэй байсанд үндэслэн хэмжилт судалгаа хийсэн байна.

Загварын байдлыг ажиглахад тусдаа эсгэлттэй захгүй, хүзүүний хэсгийн эмжээрийг зах маягтай болгон шийджээ. Дахыг халздай доргоны арьсыг элдэж боловсруулан, үсийг гадагш харуулж хийсэн нь их биеийн хэсэг дэх үлдэгдэл үснээс тодорхой харагдах ба зах, энгэр, хормой, ханцуйн үзүүрийг гялгар хүрэн сортой (булганы арьс мэт), нарийн, богино, ноолуурлаг үстэй ангийн гоёмсог арьсаар эмжсэн нь оёдлын завсар, ёроолоор үлдсэн үсний үлдэгдлээс илэрхий байна. Зах, суга, арын гол хэсгийн эсгүүрийг маш нягт, нямбай тооцоолон эсгэсэн нь үлдэгдэлд нарийвчилсан хэмжилт хийх явцад тодорхой байжээ. Үүнд, хүзүүний ухаарын хэсгийн урт нарийн, гурвалжин оруулга, арын голын хэсгийн голоор нь хотойлгосон хэлбэр, суганы хэсэгт гарын хөдөлгөөн болон өмсгөлийг тооцон эсгэж, оёсон байдал зэрэг орно. Оруулга, зүйдэл, эмжээр, нийлүүлэх оёдол зэргийг 0,15 см зайтай маш жигд хөвөрдөж оёсон байна.

Урд улаан үнээт уулын хадны оршуулга нь 91,1 хувийн магадлалаар НТ 243-357 он, 48,1 хувийн магадлалаар НТ 255-301 оны үед холбогдох нь тогтоогдсон юм. Уг малтлага судалгааны ажлыг Монголын Үндэсний музейн ЭШТ-ын дарга Ж.Баярсайхан, Ч.Баяндэлгэр, Т.Түвшинжаргал нар хийжээ.

Холбоотой мэдээ