Иргэний нийгмийн байгууллагуудад тэтгэлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-05 21:15:53
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт хэрэгжиж буй "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах" дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулах тэтгэлэгт шалгарсан аймгийн иргэний нийгмийн байгууллагуудад Жендэрийн үндэсний хорооноос 4000 ам.долларын тэтгэлгийг олголоо. Тус ИНБ-ууд олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой олон нийтийн мэдээлэл харилцааны аянг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах юм.
Тэтгэлэгт шалгарсан “Нийгмийн түншлэлийн сүлжээ”, “Жендэр Согоовор Арвай”, “Хонгор нутгийн үрс”, “Эрэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл”, аймгийн “Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” зэрэг нийт таван ИНБ-ын 15 хүний бүрэлдэхүүнтэй баг цар тахлын онцгой цаг үед технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж байна. Covid-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тохиож буй энэ цаг үед орон нутгийн ИНБ-уудад санхүүгийн бодитой дэмжлэг болж, тэдгээрийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, олон нийтийн жендэрийн боловсрол дээшилж, улмаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавихад олон нийт, хувийн хэвшил, иргэдийн оролцоо нэмэгдэх ач холбогдолтой юм.
Дээрх иргэний нийгмийн байгууллагууд нь 2021 оны хоёрдугаар сар хүртэл жендэрийн хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” аяныг орон нутагтаа өрнүүлж, жендэрийн бодлого хэрэгжилтийг эрчимжүүлж, жендэрийн тэгш эрхийг хангахад чиглэсэн нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх аж.
Холбоотой мэдээ