Олон улсын статистикчид Хүн амын тооллогоор хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-02 14:44:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн амын тооллогын олон улсын 30 дугаар бага хурал энэ сарын 2-4-нд цахимаар болж байна. Америк, Ази, Номхон далайн улс орнуудын үндэсний тооллого, статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн гишүүн улс орнууд, олон улсын байгууллагын 250 гаруй төлөөлөгч оролцож буй уг хурлыг манай улсын ҮСХ БНСУ-ын Статистикийн газартай хамтран зохион байгуулж байна. Хуралд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мэндчилгээ дэвшүүлж, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Ч.Баянчимэг, БНСУ-ын Статистикийн газрын дарга Шин Вүк Кан нар нээж үг хэллээ. 


Уг хурлаар оролцогч орнууд нь хүн амын тооллогын зохион байгуулалт, техник, технологийн дэвшлийн ашиглалт, тулгарч буй зүйл болон тооллогын мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийж буй арга техник, тархаалт, тооллогод "COVID-19"-ийн цар тахлын нөлөө зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага хуваалцаж байна. Хуралд дэлхийн хүн амын 61.2 хувийг тоолдог статистикч нар оролцож байна. 

Үүний өмнө НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институт (SIAP)-ийн Удирдах зөвлөл цахимаар хуралдсан юм. Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын статистикийн институтийн Удирдах зөвлөлийн 2019-2022 оны гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 



Холбоотой мэдээ