Д.Нарангэрэл: Амны хаалттай харилцвал халдвараас 90 хувь сэргийлнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-30 12:09:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нараас коронавирусний вакцин, Ковид 19 цар тахлын тархвар судлалын талаар манай сэтгүүлч ийнхүү тодрууллаа. 


-Дэлхий дахинд 90-ээс дээш хувийн үр дүнтэй гэж зарласан гурван вакцин байна. Америкийн Файзер компани, мөн Модерна, Оросын Спутник-V вакцин. Манай улс Модернаг сонгоод байгаа гэж мэдээлсэн. Модерна компани бол биотехнологийн зах зээлд 10 жил болж байгаа, ямар нэг вакцин гаргаж аваагүй, бүртгүүлээгүй. Харин манай хойд хөрш бол вакцины үйлдвэрлэлээр маш олон жилийн туршлагатай. Файзер компани бас зуун жилийн түүхээрээ бахархдаг. Тэгэхээр яг ямар ямар чанарыг нь харгалзаж Модерна вакциныг сонгосон талаар илүү тодорхой мэдээлэл өгнө үү?


-Д.Нарангэрэл: Вакцины тал дээр тантай санал нэг байна. Дэлхий дахинд 140 гаруй вакциныг судалгаа шинжилгээнд хөгжүүлж байснаас үндсэндээ 10 вакцин үр дүнтэй явж байна. Манай улсын хувьд, ямар нэгэн вакцин сонгоогүй байна. Бидний хүсэлтээ явуулсан КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Эрника агуулсан, Эн-Активитет, вирусний суурьтай гэсэн гурван вакцин хөгжүүлж байна. Одоогоор зөвхөн КОВАКС хөтөлбөрт хамрагдах хүсэлт, түүнд зайлшгүй шаардлагатай "аппликейшн форм"-ийг бөглөж явуулсан. Ингэхдээ мэдээж ДЭМБ-ын шаардлага хангасан, зөвшөөрөгдсөн вакциныг нэгдүгээрт сонгох эрхтэй. Хоёрдугаарт, одоо байгаа хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжид тохирсон вакцин байвал илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. 


-Өчигдөр та бүхэн хавьтал болсон ч маск зүүсэн хүмүүс халдвар аваагүй сайн тохиолдол байгааг мэдээлсэн. Халдвар авсан хүний нэг гэр бүлийн гишүүд бүгд өвдөж байна уу, эсвэл дархлаанаас хамаараад зарим гишүүн нь халдварлахгүй өнгөрөх тохиолдол гарч байна уу?


-Д.Нарангэрэл: Дэлхий дахинд анх коронавирусний халдвар гарах үед ДЭМБ-аас зөвлөөгүй байхад ЭМЯ-наас амны хаалт зүүх зөвлөмж гаргаж байсан. Харьцаж буй хоёр хүн хоёулаа амны хаалттай байвал халдвараас 90 хувь сэргийлдэг гэсэн судалгаа байна. Гэр бүл буюу ойрын хавьталд халдвар илүү тардаг. Тухайлбал, амьсгалын замын менингет өвчин гэр бүл буюу эмнэлгийн хэллэгээр, халуун хөнжлийн хавьталд амархан тархдаг. Үүнтэй адил коронавирусээр гэр бүлийн хавьтал өвдөх нь их байна. Тиймээс ДЭМБ-ын аргачлалаар, Дархан хотод 15 минутын хугацаанд 1.5 метрээс дотогш зайнд ярилцсан хүмүүс халдвар авах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл үнэндээ маск зүүгээд 1.5 метрээс дотогш зайнд уулзсан хүмүүсээс өвчлөөгүй хэд хэдэн тохиолдол байна. Тиймээс амны хаалт бол коронавирусээс хамгаалах гол үндсэн арганы нэг ээ.


-А.Амбасэлмаа: Маш чухал асуулт асуулаа. Бидний судалж буйгаар, улсын хэмжээнд 30 гаруй гэр бүлийн 80 гаруй хүн өвчилсөн байна. Энэ нь 1.5 метрээс дотогш зайд маскгүй хамт байсан хүн өвчилсөн гэдгийн баталгаа. Мөн төрсөн өдрийн баярт очсон 10 гаруй хүн өвдсөн байна. Караокед хамт орсон, түүнээс улбаатай хэд хэдэн хүн өвджээ. Тиймээс гэр бүлээс нэг хүн өвдөхөд нөгөө нь өвдөхгүй гэсэн ойлголт байхгүй. Ойрын хавьтал буюу гэр бүл, караокед хамт орсон, төрсөн өдрийн баяр тэмдэглэсэн, энэ үедээ маскгүй байсан хүмүүс халдвар авч байна. 


Маск зүүж, зай барих нь вакцин гараагүй үеийн маск гэж улс орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөвлөмжид байна. Тиймээс аль болох 1.5 метрээс дотогш зайнд хүнтэй харьцахгүй, маск зүүх, бөөгнөрөл үүсгэхгүй байх, хувийн ариун цэвэр сахих, шүд, хоолойгоо зайлах зэрэгт онцгой анхаарах нь чухал.


-Гадаад улс орнуудад хөнгөн өвчилсөн иргэдийг гэрт нь тусгаарлан эмчилж буй туршлага бий. Тэгэхээр манай улс яваандаа энэ туршлагыг хэрэгжүүлэх үү?


-Д.Нарангэрэл: Цаашдаа ийм арга барилд шилжихийг үгүйсгэхгүй. Дэлхий дахинд коронавирустэй тэмцээд 11 сар болж байна. Дэлхийн улс орнууд зөөвөрлөгдөн орж ирсэн буюу кластер дэгдэлтийн үед өвчтөнүүдийг хүнд, хөнгөнөөс хамаарахгүй эрүүл мэндийн байгууллагад тусгаарлан эмчилж байгаа. Хэрвээ нийт хүн амын дунд халдвар өндөр хэмжээнд тархвал аль болох хөнгөн  өвчтэй хүмүүсийг гэрээр нь эмчлэх, хүнд өвчтэй хүмүүсийг эмнэлэгт эмчлэх, эндэгдэл гаргахгүй байх талаас ажиллах арга барилд шилжихээр төлөвлөгөөнд тусгасан байгаа.

Холбоотой мэдээ