Цагдаагийн алба хаагчдын 98 хувийг урамшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-29 21:59:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, цагдаа, дотоодын цэргийн 4143 алба хаагчид нэмж урамшуулал олгох хөрөнгө шийдвэрлэсэн тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэв. Ингэснээр, нийт алба хаагчдын 98 хувь буюу 9967 нь 800 мянган төгрөгийн урамшуулал авахаар боллоо. 


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш нийслэлд цагдаа, дотоодын цэргийн байгууллага болон ДХИС-ийн сонсогч нийлсэн 6300 алба хаагчийн бие бүрэлдэхүүн хэв журам сахиулах үүрэгтэй ажилласан. Үүнтэй холбогдуулан энэ сарын 14-нд Засгийн газрын 179 тоот тогтоолоор тэдгээр алба хаагчдад тус бүр 800 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн.  Улмаар Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр аймагт халдвар илэрсэнтэй холбогдуулан нэмэлтээр 4143 алба хаагч хэв журам сахиулах, эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгэжээ. Тиймээс тэдгээр алба хаагчдад мөн ижил урамшуулал олгох нь зүйтэй гэж дээрх шийдвэрийг гаргасан байна. 


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, "Иргэд анзаарсан бол гудамжинд хурандаа цолтой алба хаагч хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа. Монголын цагдаа, дотоодын цэргийн салбар 10 мянга гаруй алба хаагчтай. Эдгээрийн 98 хувь нь гадуур үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Тиймээс дээрх урамшууллыг олгохоор шийдвэр гаргасан. Энэ шийдвэр удахгүй хэрэгжиж алба хаагчдын дансанд орно" хэмээв. 

Холбоотой мэдээ