З.Мэндсайхан: Экспортод гаргах 10 мянган тонн махыг бэлтгэсэн

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-11-23 18:13:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг Засгийн газрын гишүүд болон холбогдох албаныхан нийтэд танилцууллаа. Мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Зургаан аймгаас 5.2 сая мал экспортод гаргах талаар ярьж байсан. Энэ ажил коронавирусний улмаас зогссон. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?


З.Мэндсайхан: Өвөлжилт хүндэрсэн 6 аймгийн 5.2 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газар ярьсан. Бог малыг экспортод гаргахад дулааны аргаар боловсруулж гаргадаг. Монгол Улсад дулааны аргаар мах боловсруулдаг 15 үйлдвэр байдгаас 14 нь манай яамтай гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Одоогоор 10 мянган тонн махыг бэлтгэсэн.


-Цар тахлын үед орон гэргүй иргэдийг орон байр, хоол хүнсээр хангана гэж Засгийн газрын чиг үүрэгт заасан байна. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?


Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага орон гэргүй 584 хүнийг цуглуулж, улмаар коронавирусний шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх хариу сөрөг гарсан. Ингээд Улаанбаатар хотод байдаг халамжийн төвүүдэд хуваан байршуулсан.


-Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалж байна вэ?


Х.Нямбаатар: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хорих ангид эргэлт  оруулахыг хориглосон. Улсын хэмжээнд ял эдэлж байгаа, түр саатуулагдсан 6000 гаруй иргэн бий. Бүх нийтийн бэлэн байдал дуусмагц эргэлтийг хэвийн горимд оруулна.


-Арилжааны банкуудад зээл хойшлуулах хүсэлт тавихад зээлийн хүүгээ төл гэсэн шаардлага тавьж байгаа талаар иргэдээс гомдол ирж байна?


Я.Содбаатар: Зээлийн асуудлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр маргааш дээрх хоёр байгууллагын удирдлагуудаар хэвлэлийн хурал хийлгэж, нийтэд бодит мэдээлэл хүргэнэ.


-Оюутнуудын сургалтын төлбөрт өөрчлөлт орох уу. Боловсролын зээлийн сангаас энэ жил хэдэн оюутанд зээл олгосон бэ?


Л.Цэдэвсүрэн: Одоогоор оюутны төлбөрт ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Боловсролын зээлийн сангаас оюутнуудад зээл олгох тухай Сангийн сайдтай хамтарсан тушаалын төсөл бэлэн болсон. Баталгаажуулах хугацаа дөхөж байна. 2020-2021 оны хичээлийн жил 7 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд ямар оюутанд зээл олгохыг тодорхойлсон Засгийн газрын журмын дагуу асуудлыг шийднэ.


-Хувийн сургууль, цэцэрлэгүүдийн төлбөрийг хойшлуулах уу?


Л.Цэдэвсүрэн: Хувийн сургуулиудын төлбөрийг тухайн сурагчийн аав ээж, сургуулийн удирдлагуудын байгуулсан гэрээгээр зохицуулдаг. Танхимын сургалтыг цахим орчинд шилжсэн ч сургуулийн ажил хэвийн яваад, амрах хугацаандаа амарна. Тиймээс бид төлбөрийг нь буцааж өг гэсэн үүрэг өгөх эрх яаманд байхгүй.


-Монгол, БНХАУ-ын Засгийн газрын комисс өнөөдөр хуралдсан. Энэ үеэр цар тахалтай тэмцэхэд хамтран ажиллах асуудал ярьсан уу?


Я.Содбаатар: Энэ комиссын хурал хоёр жил тутамд нэг удаа болдог бөгөөд 2020 онд Монгол Улсад болох ёстой байсан. Гэвч цар тахлын улмаас цахимаар болсон. Энэ хурлаар хоёр орны эдийн засаг, худалдааны голлох асуудлыг хэлэлцдэг. Өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн хоёр жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх хоёр жилийн зорилтоо ярилцлаа. Мөн хоёр улсын худалдааг 5 жилийн хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулахаар тохирлоо. Монгол, БНХАУ-ын худалдааны эргэлт өнгөрсөн онд 8 тэрбум ам.доллар байсан бөгөөд энэ жил 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Гэвч коронавирусний улмаас одоогоор 6.9 тэрбум ам.доллар болсон байна. Жилийн эцсийн гүйцэтгэлээр өмнөх онынхоос 10 хувиар буурах болов уу гэж үзэж байгаа. Мөн хурлаар Монгол Улсад БНХАУ-ын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС, 1008 айлын орон сууц барих, боомтуудын хүчин чадлыг нэмэх зэрэг ажлыг шуурхайлах, эрчимжүүлэх талаар хэлэлцлээ. Монгол Улсад дотоодод коронавирусний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Монголд мэдэгдэхгүйгээр хилийн боомт дээр аливаа шийдвэр гаргахгүй байхыг БНХАУ-ын талаас хүссэн. Махны экспортын хувьд БНХАУ-ын тал анхаарлаа хандуулж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод дэмжлэг үзүүлнэ гэлээ. Манай талаас хоёр улсын ижил төстэй байгууллагуудын шинжилгээ, дүгнэлт, гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрдөг байх санал тавьж байгаа.


ОХУ, Монголын Засгийн газрын комиссын хурал ирэх сарын 7-нд цахимаар болно.


-Хөдөө орон нутаг руу ямар шалтгаантай хүнийг гарахыг зөвшөөрч байгаа вэ?


Я.Содбаатар: Хүнсний тээврийн машин, оршуулгад оролцох хүмүүсийг гаргаж байгаа. Мөн экспортын үйлдвэрүүдийн ханган нийлүүлэлт, газрын тосны хангамжийн автомашин гарч байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтооход нийслэлд байсан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 400 гаруй ажилтан байсныг шинжилгээнд хамруулаад буцаасан. 


Үргэлжлэлийг доорх хоёр холбоосоор үзнэ үү.

https://montsame.mn/mn/read/244184

https://montsame.mn/mn/read/244287

Холбоотой мэдээ