Сүхбаатар аймагт есөн иргэн тусгаарлалтад байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-11-19 22:48:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний тээврийн машинаар нууцаар нэвтрэхийг завдах тохиолдол гарах болжээ. Ийм тохиолдлоор орж ирсэн есөн иргэн одоогоор Баруун-Урт суманд тусгаарлагдаад байна.  

Тодруулбал, Улаанбаатар- Баруун-Урт чиглэлийн хүнс тээврийн гурван машинд зургаан иргэн нууцаар ирж, улмаар постон дээр саатуулагджээ. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг тээвэрлэж ирсэн иргэдийн хамтаар тусгаарлаад байгаа юм байна.  

Тусгаарлах байрны нэг өдрийн төлбөр 50  мянган төгрөг, тухайн иргэн төлбөрийг өөрөө хариуцна. Үүнтэй холбоотой эсэргүүцлүүд гарч байгаа ч бид ЭМЯ, улсын Онцгой комиссоос өгч буй тусгай чиглэлийг мөрдөх болно. Эдгээр иргэдийг тусгаарлалтад байх хугацаанд нь сорьц шинжилгээг авах болно. Хөрш аймагт өвчлөл гарсан энэ үед иргэд тэвчээртэй байж хулгайгаар нэвтрэхийг завдахгүй байх, цаашлаад аймаг орон нутгийн иргэд, гэр бүлийнхнийгээ эрсдэлтэй байдалд оруулахгүй байхыг хүсье хэмээн аймгийн Шуурхай штабын дарга, дэд хурандаа  Б.Анхбаяр хэллээ.  

Дээрх асуудалтай холбоотойгоор аймгийн Онцгой комисс, шуурхай штабаас хүнсний тээврийн жолооч болоод авто машинуудын нарийн судалгааг тогтоох ажлыг хийж байгаа аж. 

Холбоотой мэдээ