Тусгай зөвшөөрөл авах гэсэн иргэд Хангарди ордны үүдэнд урт дараалал үүсгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-16 16:37:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл хорио тогтоосон үед автомашины зорчих "Тусгай зөвшөөрөл" авахаар иргэд "Хангарди" ордны үүдэнд дараалал үүсгэж байна.


Монгол Улсад дотоодод коронавирусний халдвар дэгдэж УОК-оос Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосон энэ үед иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, эрүүл мэндийн байгууллагаас аль болох бөөгнөрөхгүй байхыг зөвлөж байгаа юм. Гэтэл автомашины "Тусгай зөвшөөрөл" авахаар нийслэлийн Засаг захиргааны II байр буюу "Хангарди" ордны үүдэнд дараалал үүсгэсэн иргэд хүн хоорондын зай барихгүй, эмх замбараагүй байдал үүсгэж цагдаагийн алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэх хандлага гаргаж байв.



Энд дараалал үүсгэж байгаа иргэдийн дийлэнх нь хүнс үйлдвэрлэл, тээвэрлэлтийн компанийн төлөөлөл байсан бөгөөд өглөөний 08.00 цагаас эхлэн урт дараалал үүссэн гэдгийг ярьж байв. Иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх тухай тодорхой мэдээлэл аваагүйгээс зарим нь буцах тохиолдол гарч байгаад бухимдалтай байв. Бид зарим иргэдтэй ярилцаж нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан юм. 



"Хүдэр цонж" ХХК-ийн захирал М.Лхагважав, "Манай компани хүнсний ногооны тариалалт, худалдааны чиглэлээр ажилладаг. Нийслэл рүү ногоогоо татаж авах, түгээх зорилгоор тусгай зөвшөөрөл авах гэж байна. Ер нь хөдөлгөөний хязгаарлалт аж ахуйн нэгжүүдэд маш хүнд тусаж байгаа. Тиймээс тусгай зөвшөөрөл авахаар өглөө 10.00 цагт ирсэн ч урт дараалалд гурван цаг орчим зогсоод байна. Иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар тодорхой мэдээлэл аваагүйгээс буцах тохиолдол байна. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн албанаас тусгай зөвшөөрөл авах талаар мэдээлж, гурван хоногийн өмнө бүртгэсэн. Уг нь заавал энд урт дараалал үүсгэж, халдвар хамгааллын дэглэм зөрчихгүйгээр тэдгээр бүртгүүлсэн компаниудад шуудангаар хүргээд өгөх боломж байсан" хэмээв. 


Мөн сүү үйлдвэрлэлийн компанийн маркетингийн ажилтан дараах мэдээллийг өгснөөр нэр, албан тушаалаа хэлэхээс татгалзсан юм. Тэрбээр, "Өглөө 08.00 цагт дарааллын эхний хүн болж ирсэн гэж байна. Өмнө нь бүртгүүлсэн компаниудад түрүүлж орж байгаа бололтой. Бүртгүүлээгүй компаниудын төлөөлөл дараалалд зогсож байх шиг байна. Тусгай зөвшөөрөл хэвлэгдээгүй гэсэн шалтгаанаар 11.00 цаг хүртэл дараалал үүсгэж хүлээлгэсэн. Тэндээс зөвшөөрөл ав, тэнд оч гэдэг ч цагдаа нар нь явуулахгүй, ард иргэдээ үнэхээр "хөлдөө чирч" байна. Нэг байгууллагад нэг тусгай зөвшөөрөл өгнө гэсэн ч манайх гурван төрлийн үйлчилгээ эрхэлдэг 15 мянган машин явуулдаг учраас гурван зөвшөөрөл авлаа" хэмээсэн юм. 



Уг ажлыг зохион байгуулж буй холбогдох албаныхантай уулзахаар Хангарди ордны дотогш ороход иргэдийн халууныг үзэж, гарыг ариутгаж байв. Үүдний хэсэгт албаныхан автомашины "Тусгай зөвшөөрөл" олгож байсан бөгөөд иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай талаар мэдээлэл авах гэсэн ч ачаалалтай байна гэсэн шалтгаанаар мэдээлэл өгсөнгүй. Тиймээс Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат руу мөн залгасан ч холбогдож чадсангүй.


Иргэдийн хэлж буйгаар, "Тусгай зөвшөөрөл" авах аж ахуйн нэгж нь тухайн жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, автомашины гэрчилгээ, компанийн тусгай зөвшөөрөл, албан хүсэлт гэсэн бичиг баримт бүрдүүлж ирэх юм байна.


Улсын онцгой комиссоос улс даяар гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл  хорио тогтоох  шийдвэр гаргасантай холбоотой Улаанбаатар хотод явган хүний болон  автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй.  Зөвхөн нэр бүхий 13 салбарт  үйл  ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд  оролцох юм. Уг тусгай зөвшөөрлийг өчигдрөөс хязгаарлалтад ороогүй албан байгууллагуудад тарааж эхэлсэн бөгөөд аль салбарт  ажилладгаас хамааран тусгай зөвшөөрлөө очиж авах газруудыг нь мөн хуваарилсан байна. 



Холбоотой мэдээ