Газар хөдлөлтийн улмаас “Sony” компани 1 тэрбум доллар алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-26 10:18:07

ТОКИО./Reuters/. Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sony” компанийн ашиг орлого тус улсын баруун өмнөд нутгийн Күмамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас 1 тэрбум орчим доллараар буурсан байна. 

 “Sony” компанийн салбарын захирлуудын ярьснаар, энэ бууралт нь тус компанийн үйлдвэрлэдэг дүрс бичлэгийн камеруудад хэрэглэдэг дүрс мэдрэгч чипүүдийг хийдэг үйлдвэр /Күмамото мужид байрладаг/ түр зогссонтой холбоотой ажээ. 

Гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг санхүүгийн жилд хийх “Sony“-гийн борлуулалтын орлогын хэмжээ 70 орчим тэрбум доллар болж буурна гэж компанийн удирдлага тооцоолж байна. Энэ нь иенийн ханш он гарснаас хойш 3.8 хувиар буурсантай мөн адил холбоотой ажээ.

Гэсэн хэдий ч тус компанийн үйлдвэрлэдэг ухаалаг утасны борлуулалтаас олох орлого  нэмэгдэж, үйл ажиллагааны ашиг 2 хувиар өссөнөөр ашгийн хэмжээ 2.7 тэрбум орчим долларт хүрнэ гэж тооцоолж байна.

Х.Сарнай

Холбоотой мэдээ