Биеийн тамирын "Замчин" хороог сэргээн байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2020-11-09 11:37:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд Л.Халтарын тушаалаар биеийн тамир, спортын "Замчин" хорооны үйл ажиллагааг дахин сэргээж өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийв.

Энэ нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зам, тээврийн салбарын ажилчин, албан хаагчид биеийн тамираар хичээллэх, салбарын мэргэжлийн тамирчдын бэлтгэл сургуулийг дэмжиж, олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулж, тамирчдыг нэгтгэх зорилготойг сайдын тушаалд дурджээ. 

“Замчин” нийгэмлэгийг 1960 оны 1 дүгээр сарын 23-нд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор УБТЗ ХНН-ийг түшиглэн үүсгэн байгуулжээ. Тухайн үед Тээврийн яам, түүний салбар байгууллага, УБТЗ ХНН, авто баазууд, Холбооны яам, Монголын Радио телевизийн улсын хороо, УБТЗ-ын техникум, Металистын ТМС, 10 жилийн 12, 20, 28, 51 дүгээр сургуулиудыг тус тус хамран 80 гаруй мянган ажилчин албан хаагч, сурагч, оюутнуудын бие бялдрын хүмүүжил, тэдний эрүүл ахуйн соёлжилтын ажлыг хариуцсан биеийн тамир, спортын томоохон нийгэмлэг болон ажиллаж байв.

Тус нийгэмлэгээс 1982 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин боксчин Р.Отгонбаяр, 1988 оны Сөүлийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин боксчин Н.Энхбат, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Дэлхийн даамын аварга, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, Монгол Улсын үлэмж, дархан мэргэн Л.Болд, Монгол Улсын начин М.Цанлиг, цанын спортын олон улсын хэмжээний мастер Д.Энхээ нарын олон алдартан төрөн гарсан юм.

“Замчин” биеийн тамир, спортын хорооны Удирдах зөвлөлийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлан, орлогчоор тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, гишүүдийн бүрэлдэхүүнд нь ИНЕГ, УБТЗ, МИАТ, АТҮТ, МТЗ, Далайн захиргаа, ГТХЗНТ-ийн дарга нар, “Тэнүүн огоо”, “Атибус” ХХК-ийн ерөнхий захирал багтжээ.


Холбоотой мэдээ