ДОТООД ЕРТӨНЦИЙН ХЭМ ХЭМЖҮҮР

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-11-07 20:08:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


I.


“Фаус”-тыг уншаагүй хүн театрт амилахад нь үзчихээд гүн гүнзгий ойлгоно гэдэг тун бэрх. Гол нь найруулагч жүжгийн гол санаа, домгийн олон элемент, дүр бүрийн дотор ч тэр, гадаад байдалд ч тэр суулгасан хэмжүүрийг хөндөлгүй үлдээж чадвал энд харин огт өөр яриа өрнөнө.


“Фауст” бол Хюгогийн “Парисын дарь эхийн сүм”, Толстойн “Анна Каренина”, Гоголийн “Байцаагч түшмэл”-ээс дээгүүр зиндааных бөгөөд Беккетийн “Годог хүлээхүй”, Инескогийн “Хирс”, Сартрийн “Оршуулаагүй үрэгдэгсэд”, Сервентасийн “Дон Кихот” болон Шекспирийн сонгодогуудтай адилаар дэлхийн улс орны театрын урлагийн хөгжил, жүжигчдийн ур чадвар, үзэгчдийн боловсролын түвшинг хэмжиж, тодорхойлдог бүтээлийн нэг юм.


Тус жүжиг хоёр жилийн өмнө монголд буюу “Соёлын төв өргөө”-ний тайзнаа амилж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ. Тухайн үед Мефистофелийн дүрийг МУГЖ Л.Баттулга амилуулсан тийм ч буруу сонголт байгаагүй. Мөнхүү голограмм технологийг анх удаа театрын тайзнаа ашиглаж чадсанаараа онцлог байлаа.


Харин энэ удаад монголд анх удаа постдрам “Альфа” театр үүдээ нээж, Германы алдарт зохиолч Иохан Волфганг Гётегийн “Фауст” жүжгийг тайзнаа дахин амьдруулсан нь урлаг соёлын онцлох үйл явдлуулын нэг байв. Олон арван домог, “Ариун библи”, аман зохиолын уламжлалыг хамарсан тус жүжгийг ахин тайзан дээр урлахдаа жүжгийн зарим нэг алхам, дүрүүдэд чамгүй өөрчлөлт хийж шинэчлэсэн нь тодорхой харагдана. Жишээлбэл Мефистофелийн дүрд СТА, жүжигчин Т.Бархүү тоглосноос гадна Маргарита, Марта нарын дүр ч улам залуужсан байна. Басхүү ерөнхий продюсероор нь Т.Ганболд ажиллаж, Драмын театрын олон арван сонгодог бүтээлийг орчуулж, томоохон романуудыг жүжгийн зохиол болгосон МУУГЗ Н.Пүрэвдагва “Фауст”-ыг ч мөн дуун хөрвүүлжээ.


Найруулагч М.Батболд “Гётег би сонгосон байтал Гёте намайг сонгон удирдаад байгаа мэт мэдрэмж ч төрж байлаа” хэмээн жүжиг найруулж байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцсан байна. Дээр нь нэмээд “Манай Монголын шинэ цагийн сэхээтний давхарга өнөөдөр аль хэдийнээ дэлхийн хэмжээний үзэгч болсон гэдэг итгэдэг” хэмээжээ. Үзэгчиддээ итгэнэ гэдэг мэдээж тун чухал сэтгэлийн илэрхийлэл. Харин үзэгчдийн найруулагчид итгэж “Фауст”-ыг үзэхээр “Альфа” театрт зочилсон сэтгэгдэл хэрхэн байсан бол? Хүн, хүн өөрөөр хүлээж авсан нь тодорхой. Итгэж зорьсон хүмүүсийн нэг нь би ч бас мөн билээ.


II.




Тус жүжиг бол Гётегийн уран бүтээлийн оргил. Жүжгийн гол дүр болох эрдэмтэн Фаустын дүр нь яг л Шэллигийн Прометтей, Гордан Байораны Манфрэд шиг баатруудын хэв шинжийг агуулдаг талаар судлаачид өгүүлсэн нь бий. Фаустын домог өөрөө олон зүйлийг хамран оршдог. XVI зууны Английн зохиолч Кристофер Марло “Фауст”-ын тухай бичсэн нь бий. Харин Гётегийн “Фауст” бол хувь хүний хөгжлийн зам, амьдрахуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл хийгээд ёгтлол, дүрүүдийн уран сайхны илэрхийллээрээ хамгийн алдартай нь юм.


Жүжиг эхлэхэд бурхан, үгүйсгэлийн сүнс Мефистофель нар хүний мөн чанар, эс ханахуйн хүслийн тухай мэтгэлцэнэ. Энэхүү мэтгэлцээний үр дүнд Мефистофель эрдэмтэн Фаустад хүссэн бүхнийг нь үзүүлж, амтлуулахаар болж эцэстээ тэр бүхэнд сэтгэл нь эс ханан шунасаар байх ахуйд сүнсийг нь үүрд эзэмшихээр болдог. Гол нь энэ хэсэгт дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бий. Аль ч улсын театрт тухайн жүжгийг тавихдаа бурхны дүрийг өөрсдийн үзэл санаа, сонголтод түшиглэж үзүүлдэг. Харин энэ удаад хүүхдээр төлөөлүүлсэн нь найруулагчийн тун оновчтой шийдэл байж чадлаа. Учир нь Монголчууд жаахан хүүхдийг “бурхан” хэмээн үздэг. Хүүхэд бол ямар ч муу санааны хир толбо суугаагүй, цэвэр тунгалаг сэтгэлтэй, үнэнч байдлын илэрхийлэл байдаг нь бурхны дүрд чухамхүү тохирсон хэрэг.  


Голограммыг хэрхэн ашиглаж, дэлхийн театруудын тайзнаа шинэ хэлбэрийг бий болгосон дэвшилтэт технологийг монголд хэрхэн нэвтрүүлж, жүжгийн элементүүдтэй уялдуулж чадсан нь “Фауст” жүжгийн тавилтыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлсийн нэг билээ. Тайзан дээр болж буй үйл явдлууд, жүжигчний нүүрний хувирал, амны хөдөлгөөн, агшин бүрт чөлөөлөгдөж нэгээхэн үзэгдлийн хойно хураагдах харц зэрэг нь арын дэлгэцэнд ч мөн томоор харагдана. Тиймдээ ч хамгийн арын эгнээний хүмүүс ч нэгдүгээр зэрэглэлийн суудалд тухалснаас ялгаагүй гэсэн үг.


Харин гэрлийн сүлэлдээн, өнгөний өөрчлөлтүүд нь жүжгийн үйл явдлыг дэлгэн үзүүлэхээс гадна дүрүүдийн харилцан ярианд ч нөлөөлнө. Жишээ Мефистофель ярьж байвал тайзны гэрэл сааралтан бүүдийж, хүйтэн хөх өнгөтэй байх бөгөөд Фаустын өөрийгөө үзэн ядах сэтгэл, гэмшлийн үед шаргал өнгийн дулаан гэрэл тайзнаа тусна. Харин Мефистофелийн тачигнасан инээд, чих өрөмдсөн орилооны үед тайзны шал, хөшиг бүгд улаан өнгөнд автана.


Нөгөөтэйгүүр энэ удаагийн тавилтанд үзэгч, тайз хоёрыг нягт холбож өгөх гэсэн найруулагчийн уран шийдлүүд ч анзаарагдаж байлаа. Жишээ нь Мефистофель Фаустыг дагуулж анхны болзоонд явахын өмнөх үед чөтгөрийн тохуурхал нь кино дүрс авах гэж буй хүний дүрд хувирана. Энэ үед театрын гэрэл тэр чигтээ асахад үзэгчид нэгээхэн чөлөөнд “юу билээ” хэмээн бодож, жүжгээс гадуурх үйл явдал  руу шургаад орчих шиг мэдрэмжинд автсан нь лавтай.


Басхүү “Фауст” хайрт Елена хатан, хүү хоёроо алдасны хойно өшөө хорсолдоо шатан дэлхийг сүйрүүлдэг үзэгдэлд үзэгчдийн зүгт хүйтэн сарны хэлбэртэй цагаан гэрэл тусгаж байв. Энэ бүхэн нь үзэгчид ч мөн жүжгийн нэг хэсэгт оролцож байх шиг мэдрэмжийг төрүүлэхээс гадна Фаустын хүсэл нь биелэх явцдаа л дүрсэгдэж байгаа жүжгийн гүн рүү улам бүр хөтлөн оруулна.


Мефистофелийн эцсийн халаглал, алиа хошин зугаацал, тэсэшгүй их орь дуу, алив нүглийн галыг өдөөж буй агшинд түүндээ таварцаглах хэт их авталтын дараах ядрал зэрэг бүхий л үйл хөдлөл, мөн чанарыг жүжигчин Т.Бархүү тун чадамгай үзүүлжээ. Сүнсний алиа хошин наргиан нь олон ёгтлол бүхий утга үүсгэхээс гадна, Т.Бархүүгийн чадамгай жүжиглэлттэй тун найрсагаар хоршиж байв. Харин С.Болд-Эрдэнэ Шекспирийн “Хамлет”-д бүтээж байснаас тэс ондоо жүжиглэлтийг харууллаа. Анхны “Фауст”-ын тавилт дээр тэр зүгээр л “Хамлет” байсан нь үнэн. Гэтэл энэ удаад жинхэнэ “Фауст” болон хувирчээ.


III.




Фауст хэмээх 70 настай суутан юунд тулаад гацав. Тэрээр ертөнц хамаарлын томьёог нээж дахин шинэ хүн бүтээхийн эрэлд хатавч яаж ч чадсангүй.  Гагцхүү бурхан хийгээд чөтгөрийн гэнэн найр наадмын хүлээн зөвшөөрч, өөрийгөө сул дорой нэгэн гэж итгүүлэхийн төлөөсөнд л гарын үсгээ зурж, сүнсээ тамд худалдсан хэрэг үү? Ямартай ч жүжиг цаашид өрнөнө.


Цезарь хааны дүрд хувилан дэлхийг үнс нурам болгосон, сүр хүчит нэгний дүрийг голограммаар л үзүүлж, дэлгэцээр үйл явдлыг хураангуйлан харуулсан нь мэдээж цэвэр найруулагчийн шийдэл. Албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдийг “Ub comedy”-гийн залуус бүтээжээ. Гэхдээ жүжигт гардаг шиг яг л тэр эртний хаант улс биш. Засаглал нь хааных, улсын сайд түшмэд нь энэ зууных байлаа. Тиймдээ ч үйл явдлын гашуун хэсгийг хошин аястай болгосноор жинхэнэ бараан егөөдлийг бүтээсэн нь олзуурхууштай.


Сүүлчийн үзэгдэл өөрийнх нь гүйцээхийг хүсч байсан ажил, шинээр бий болгосон хүн нь механик оюун ухаантай болсон ба өөрийн оршихуйг тодорхойлж чадашгүй нэгэн байдаг. Өөрөөр хэлбэл “робот” хүн гэсэн үг. Түүнд бүх зүйлийг механикаар зааж сургасан. Гол нь “робот” хүнийг Фауст ч тэр, түүний шавь ч буюу эгэл хүн ч бүтээгээгүй. Энэ нь мөн л Мефистофелийн зугаа төдий байв. Сайн сайханд зогсолтгүй тэмүүлсээр явсан Фауст эцсийн мөчид ертөнц хамаарлын томъёог олж, хиймэл хүн бүтээснийг үзээд сэтгэл нь ханах уу, өөр зүйлс рүү шунан тэмүүлэх үү гэдгийг сорих гэсэн чөтгөрийн тоглоом юм. Гэтэл Фауст түүнийг эсэргүүцэж хүн хүнээ хайрлах хайр, эрж явсан томьёо нь өөрөө байсныг ойлгоно. Бурхан хөгшин Фауст дээр ирж манан бүрхэх шиг утаа май болсноор жүжиг дуусдаг. Ингэснээр Мефистофелийн Фаустын сүнсийг авах наймаа бүтэлгүйтнэ. Энэ бол цэвэр найруулагчийн шийдэл. Харин зохиолд өөрөө төгсдөг ба тэнгэрүүд Фаустын сүнсийг хамгаалдаг гэдгийг уншигчид мэдэх биз ээ.


Зогсолтгүй тэмүүлсэн хүслийн эцэст сэтгэл ханамж л хамгийн чухал. Тиймдээ ч аз жаргалын томьёолол бол “хүн өөрөө” юм гэдэгт л жүжгийн гол санаа оршиж байна. Өөрийн гадаад бус дотоод ертөнцдөө аз жаргалыг нээж, ёс зүй, эрх мэдэл, хүсэл шуналынхаа хэм хэмжүүрийг суулгаж өгөх хэрэгтэй. Шопенхауэр нэгэн удаа Гётед алдартай зохиолынхоо санааг ярьсан гэнэ. Тэр үед Гёте “Танд харагдаж байгаа учраас гэрэл гэгээ байдаг юм биш ээ. Харин ч тан дээр гэрэл гэгээ туссан учраас л та өөрөө оршин байгаа хэрэг” гэж хариулсан удаатай гэдэг.

 

Холбоотой мэдээ