Орос хэлний бүсийн олимпиадад багш Ц.Ундрах шалгарч тэтгэлгээр сурах эрх авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-03 13:43:43

Төв /МОНЦАМЭ/. Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг энэ сарын 29-31-ний өдрүүдэд Дундговь аймагт өргөн хүрээнд тэмдэглэж, “Орос хэл, соёлын баяр” бүсийн үйл ажиллагааг зохион байгуулсан.

Энэ үеэр ОХУ-ын ЭСЯ, Оросын соёл шинжлэх ухааны төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Орос хэл-соёлын баяр, орос хэлний бүсийн олимпиад”-ыг зохион байгуулсан бөгөөд тус олимпиадад Төв аймгийн Лүн сумын сургуулийн орос хэлний багш Ц.Ундрах шалгарч 2021-2022 онд ОХУ-д Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа.

Мөн 12-р ангийн төгсөгчдийн дунд орос дуу, шүлгийн уралдаан болж Зуунмод сумын 5-р сургуулийн 12-р ангийн сурагч А.Биндэръяа, Д.Өлзийсүрэн нар шалгарч ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр 100 хувь суралцах эрхийн эзэд болов. Харин “Оросоор хэн сайн дуулж, шүлэг унших вэ” уралдаанд Хүмүүн цогцолбор сургуулийн сурагчид шагналт байр эзэлжээ.

Аймгийн БСУГ-ын гадаад хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Алтанчимэг “Энэ жилийн  Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдээр тэмдэглэн өнгөрүүлж буй  “Орос хэл-соёлын баяр, орос хэлний бүсийн олимпиад”–д манай аймгийн багш, сурагчид амжилттай оролцлоо. Тухайлбал Лүн сумын сургуулийн орос хэлний багш Ц.Ундрах 2019 онд Өмнөговь аймагт болсон “Орос хэлний бүсийн олимпиад”-д тэргүүлж ОХУ-д Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулж байсан. Энэ жил амжилтаа бататган ОХУ-д Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийг дахин авлаа. Түүнчлэн сурагчид маань өөрсдийн мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж амжилттай оролцож жилээс жилд амжилтаа бататгаж байна. Энэ жил бүсийн олимпиад зохион байгуулалт сайтай, аймаг орон нутгийн удирлагууд болон багш, сурагчид нь маш идэвхтэй сайн байсан хэмээн онцлов.

Түүнчлэн “Орос хэл-соёлын баяр, орос хэлний бүсийн олимпиад”-ыг 2021 онд Төв аймагт зохион байгуулахаар товложээ.

 

 

 

Холбоотой мэдээ