Нэгдүгээр цэцэрлэгт хөрсний дулааны насос суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-28 16:23:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Нэгдүгээр цэцэрлэгийн дулаан халаалтын асуудлыг шийдвэрлэх зорилгоор 135 квт хүчин чадал бүхий хөрсний дулааны насос, нарны коллектор суурилуулж байна.

Тус ажлыг Эрчим хүчний яамны захиалгын дагуу Азийн хөгжлийн банкны 734.168.459 төгрөгийн санхүүжилтээр хийж байгаа аж. Ийнхүү Жаргалант сумын Нэгдүгээр цэцэрлэгийн халаалтыг хөрсний дулааны насос, нарны коллектор суурилуулан шийдсэнээр нүүрс ашиглахгүй, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн анхдагч байгууллага болох давуу талтай.

Энэхүү ажлыг “Нар энержи селикон метал” ХХК болон “Броск" ХХК-ийн хамт олон хамтран гүйцэтгэж байна. Тэд ган металл хоолой ашиглаж байгаа. Ингэснээр хуванцар хоолой шиг хөрсөнд бохирдол үүсгэхгүй насжилтын хувьд ч өндөр чанартай гэж мэргэжилтнүүд онцоллоо.

Одоогийн байдлаар Нэгдүгээр цэцэрлэгийн хөрсний дулаан халаалтын ажил гүний өрөмдлөгөөр үргэлжилж байна. Нийт 21-26 өрөмдлөг хийснээр дараагийн ажил үргэлжилнэ. Ашиглалтад хүлээлгэн өгөх хугацааг 11 дүгээр сарын 30-ны өдөр байхаар гэрээ байгуулжээ.

Холбоотой мэдээ