Усан спорт сургалтын төв ирэх сарын 1-нд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 12:40:34

Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг МСҮТөв нь нягтлан бодогч   шалгаруулж ажилд авахдаа өндөр шалгуур үзүүлэлт тавьжээ.

Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төсвийн байгууллагад мэргэжлээрээ 3-аас дээш ажил ажилласан,  ажлын дадлага туршлагатай, хэрэглээний болон нягтлан бодох бүртгэлийн программууд дээр ажиллах чадавартай, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайтай, тогтвор суурьшилтай ажиллах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хүнийг ажилд авах өндөр шалгуур үзүүлэлт тавьжээ. Ажилд орохыг хүссэн иргэд  төрийн албан хаагчийн анкет, дипломын болон цахим үнэмлэхний хуулбар, ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолтыг бүрдүүлэн 2016 оны 05 сарын 23 – ны өдөр хүртэл МСҮТөв дээр өгөх юм байна. Ажлын зуучлалд бүртгүүлсэн иргэд өндөр шалгуур үзүүлэлт тавьсан байна хэмээн шүүмжлээд, сургууль төгсөөд ажил хайж байгаа залууст ийм өндөр шалгуур үзүүлэлт тавидаг нь ажилгүйдэл бий болгож байгааг ярьж байлаа.

                         Санхүүчдийн дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа

Булган аймгийн санхүүгийн ажилтнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа. Санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлийн онцлог, үнэ цэнэ үнэлэмжийг ойлгуулах, нийгэмд эдгээр мэргэжлийн үүрэг хариуцлагыг таниулах, мэргэжлээрээ бахархах сэдлийг төрүүлэх зорилготой энэхүү уралдааныг Санхүү төрийн сангийн хэлтэс, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Булган аймаг дахь салбар хамтран зохион байгуулж байна. Мэргэжлийн үнэ цэнийн өнөөгийн байдал, улсын хөгжилд нөлөөлөх байдал, шинэ санаа зэргийг харгалзан байр эзлүүлнэ. Эссэ бичих нийтлэг загварыг баримталсан байх, судалгаа шинжилгээнд тулгуурласан байх, сэтгэлгээний хувьд чөлөөтэй байх гэсэн шаардлагуудыг тавижээ.05 сарын 23 – ы өдрийг хүртэл АЗДТГ – ын Санхүү төрийн сангийн хэлтсийн өрөөнд хүлээн авах юм байна.    

                                                                     “Enjoy” төв нүүлээ

Булган аймгийн төвд хэвлэлийн үйлчилгээ явуулдаг “Enjoy” төв буурь сэлгэж нүүлээ. Тус төв нь “Андууд” төвийн 1 давхарт нүүн орж иргэддээ улам бүр ойртлоо. Тэднийх хулдаасан, даавуун болон стикер хэвлэл, ном сонин сэтгүүл, тараах материал, өргөмжлөл, урилга, жааз, бүх төрлийн зураг хэвлэх, хувилах, сэргээн засварлах зэрэг үйл ажиллагаа эрхэлсээр 5 жил болж байна. Оны шилдэг байгууллагаар шалгарч байсан тэдний хамт олон найрсаг хурдан шуурхай үйлчилгээ, хямд үнийг  иргэддээ хүргэж байна.  Мөн зураг, бэлэг дурсгалын зүйлсийг жаазлах шинэ үйлчилгээ хийдэг болжээ. Булган аймгийн төвд хэвлэлийн үйлчилгээ явуулдаг  3 газар байдгаас тогтмол үйл ажиллагаа явуулдаг юм.

 6 сарын 1 – нд ашиглалтад орно

Булган аймагт баригдаж байгаа усан спорт сургалтын төв 6 сарын 1 гэхэд ашиглалтанд орох төлөвтэй байна. Хууль дүрмийн дагуу зарласан  тендрийн дагуу Орхон аймгийн “Цагаан зуун” ХХК барьж  байгаа бөгөөд одоогоор тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж,  усны шинжилгээний лаборатори ирэх дутуу байна. Эдгээр нь нийтдээ 49 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Гэтэл усны шинжилгээний лабораторийг нийлүүлэх тендэр зарлагдаад орсон компаниудаас шаардлага хангах компани гараагүй байна. Уг төв нийт нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа юм.

                                     Нөхөрсөг тэмцээн явагдаж байна

 Аймаг аймгийн Мэргэжлийн хяналтын газрууд Булган аймагт уулзалт зөвлөгөөн, нөхөрсөг тэмцээн зохион байгуулж байна. Булган, Архангай, Говьсүмбэр, Дархан, Дорноговь, Орхон, Төв, Хөвсгөл аймгуудын албан хаагчид ажилчид хүрэлцэн иржээ. Мөн урилгаар Замын үүд боомтын хилийн Мэргэжлийн хяналтын алба иржээ. Тэд МХГ – ын албан хаагчдын чиг үүргийн талаар болоод тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн зөвшилцлөө. Үргэлжлүүлэн гар бөмбөгийн тэмцээн, шатар теннисний тэмцээнийг зохион байгуулж өрсөлдөж байна. Зөвлөлгөөн тэмцээн 2 өдөр үргэлжилнэ. Дашрамд дурдахад Булган аймгийн МХГ–ын дарга ажлаа хүлээлгэн өгч, С.Баясгалан ажлыг хүлээн аваад байна.

                                                                                                                                                              6 иргэнд бүрэн дунд боловсрол олгожээ

Насан туршийн боловсрол олгох хөтөлбөр Булган аймагт амжилттай хэрэгжиж байгаа. Хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. Энэ хугацаанд зорилтот бүлгийн иргэдэд аж төрөх болон амьдрах ухааны, бичиг үсгийн боловсрол олгох зорилт тавин ажиллаж, боловсрол нөхөн эзэмших шаардлагатай иргэдийг хамруулан сургаснаас 22 иргэнд бага боловсрол, 21 иргэнд суурь боловсрол олгожээ. Цаашлаад тэднийг МСҮТ – үүдэд дэвшүүлж, 6 иргэнд бүрэн дунд боловсрол олгон төгсгөжээ. Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад нийт 292 иргэнийг хамруулан төгсгөсөн байна. Насан туршийн боловсрол олгох хөтөлбөр цаашид ч үргэлжилнэ.

Хүмүүжигч нарт  250 ширхэг ном  бэлэглэлээ

Булган аймгийн Төв номын сангийн ойн арга хэмжээг угтсан ажлуудын нэг болох "Эрхэм бэлэг" ном хандивлах аян амжиллттай өндөрлөлөө. Аяны үеэр цугласан номыг Булган аймгийн ШШГЕГ-ын харъяа онцгой дэглэмтэй хорих 439-р ангийн хүмүүжигч нарт бэлэглэхээр төлөвлөсөн байсан.  Нийт 15 байгууллага, 2 багш нэгдэж бэлэг бэлгийн дээд номын хандив өргөсөн нь  250 ширхэг ном боллоо. Мөн ном гардуулах үеэр бяцхан урлагийн тоглолт үзүүллээ. Тэд номын сандаа байсан 400 орчим номоо уншиж дуусаад байсан гэнэ. Аянаар цугласан номуудыг  бэлэглэсэнд  маш их баяртайгаар хүлээж авлаа. Мөн тус хорих ангид хувь хүн, албан байгууллага, клуб, ТББ-ууд хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгууллахад үргэлж нээлттэй, улирал бүр соёлын ажил зохион байгуулж байгаа тухайгаа нийгмийн ажилтан ахлах дэслэгч н.Онон танилцууллаа.

                                                                                                                            Б.Туяа

Холбоотой мэдээ