Европт "COVID-19" халдварын тохиолдлын тоо 10 хоногт хоёр дахин нэмэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-10-23 16:07:39

БРЮССЕЛЬ. /Reuters/. Европт өдөрт бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн 10 гаруй хоногт хоёр дахин нэмэгдэж, пүрэв гарагт анх удаа 200 мянга давсныг “Reuters” агентлагийн тоон мэдээлэл харууллаа.


Европт өнөөдрийн байдлаар 7.8 сая орчим хүн халдвар авч, 247 мянга орчим хүн нас баржээ. Европт энэ сарын 12-нд анх удаа өдөрт халдварын 100 мянган тохиолдол бүртгэгдсэн юм. Түүнчлэн пүрэв гарагт Итали, Австри, Хорват, Словени, Босни зэрэг оронд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ.


Европт Энэтхэг, Бразил, АНУ-ын үзүүлэлтүүдийг нийлүүлснээс олон халдварын тохиолдол өдөрт илрэх болсон боловч халдвар авсан хүний тоо ийнхүү нэмэгдэж буй нь шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоог олноор нэмэгдүүлсэнтэй мөн холбоотой юм.


Дэлхий даяар “COVID-19” халдварын 41.4 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 1.1 сая орчим хүн нас барснаас халдварын нийт тохиолдлын 19 хувь нь, нас барсан хүмүүсийн 22 орчим хувь нь Европт бүртгэгдсэн байна.


Баруун Европын орнуудаас Францад пүрэв гарагт халдварын 41622 тохиолдол шинээр илэрсэн нь урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ерөнхий сайд Жан Кастекс халдварын тархалтыг сааруулахын тулд нийт хүн амын гуравны хоёр нь оршин суудаг бүсэд хөл хорих цаг тогтоохоор болжээ.


Мөн баруун Европын өөр нэгэн орон болох Нидерландад сүүлийн 24 цагийн хугацаанд 9000 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон нь тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Үүнээс гадна Германд анх удаа өдөрт халдварын 10 мянгаас олон тохиолдол илэрсэнтэй зэрэгцэн Швейцар, Ирланд, Польш болон Австри, Италийн ихэнх мужийг зорчих хөдөлгөөний хязгаарлалтад оруулжээ.  


Мөн Европ даяарх эмнэлгийн ачаалал нэмэгдэх болжээ. Хэдийгээр одоогийн ачаалал зургаан сарын өмнөх халдварын оргил үеийнхээс харьцангуй бага байгаа боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөөр байгаа ажээ.


“Европ, Хойд Америк “COVID-19”-тэй тэмцэхдээ Азийн орнуудын жишгийг дагаж, халдвар авсан өвчтөнүүдтэй ойр байсан бүх хүнийг тусгаарлах хэрэгтэй байна” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райан даваа гарагт мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ