“Microsoft”, “SpaceX компаниуд сансрын хиймэл дагуулуудад суурилсан үүлэн технологийн сүлжээ байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-10-23 12:59:13

НЬЮ-ЙОРК. /Engadget/. АНУ-ын “Microsoft” компани үүлэн технологийн шинэ платформоо “Starlink” хиймэл дагуулын сүлжээнд холбох зорилгоор “SpaceX” компанитай хамтран ажиллахаар болжээ.


““Microsoft” компани сансрын салбарын компаниудтай хамтран дэлхийд үйлчилгээ үзүүлэх санаачилга гаргаж байна. Тодруулбал, технологийн томоохон компани болох “SpaceX”-д хиймэл дагуулуудын “Starlink” сүлжээгээ өгөгдөл боловсруулах “Azure” төвд нэвтрэх боломжийг олгох юм” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.


“Azure” нь өгөгдөл боловсруулах төвийн автомат блок бөгөөд үүнийг үүлэн тооцоолол болон хэрэглэгчдийн мэдээллийг хадгалах хэрэгцээнд зориулан хаашаа ч хамаагүй зөөвөрлөх боломжтой аж. Түүнчлэн хүрч очиход хэцүү газар болон бусад хүнд орчинд үйлчлүүлэгчдэд найдвартай харилцаа холбоог бий болгодог байна.


“Microsoft” компанийн төлөөлөгчийн хэлснээр, хиймэл дагуулуудын сүлжээнүүд "хиймэл оюун ухаанд суурилсан нарийн тодорхой төлөвлөлт, нарийн төвөгтэй протоколууд үүсгэх шаардлагатай байдаг". "Azure" нь урьдчилж угсарсан хиймэл дагуулын зургийг ашиглан бодит цаг үеийн хувилбарыг бий болгодог тул зохион бүтээгчдэд тусалж чадах аж.


Компани, байгууллагууд хиймэл оюун ухааны алгоритмыг сурах, мөн төхөөрөмжийг хөөргөхөөс өмнө хиймэл дагуулын сүлжээг найдвартай ажиллуулахад итгэлтэй байхын тулд “Azure”-ийг ашиглаж болно.


“Microsoft” компани мөн хиймэл дагуулуудын боловсруулсан их хэмжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийх ажлыг хөнгөвчлөх, сансрын нарийн төвөгтэй системийн төслийг зохиоход туслах зэргээр сансарт төсөл хэрэгжүүлэхэд туслахаа мэдэгджээ.


Холбоотой мэдээ