Гамшигт нэрвэгдсэн 158 өрхөд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-24 08:29:19

Мерси кори монгол олон улсын байгууллагаас Зудын хариу арга хэмжээ төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд Сүхбаатар аймаг дахь төлөөлөгчийн газраар дамжуулан тус аймгийн 6 сумын зуданд нэрвэгдсэн өрхүүдэд   хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Асгат сумын 40, наран сумын 33, Сүхбаатар сумын 31, Баяндэлгэр сумын 21, Түвшинширээ сумын 16, Баруун-Урт сумын 17 гээд нийт 158 өрхөд тусламж үзүүлжээ.  70 мянган төгрөгний эрүүл ахуйн багцыг , 8 мянган төгрөгийн шатахууны эрхийн бичгийн хамтаар ологосон юм. Эрүүл ахуйн багцад малчдад нэн шаардлагатай вок, саван, цаас, нүүр гарын алчуур гээд ариун цэврийн бүтээгдэхүүнүүд болон унтлагын хувцас нарны хамгаалалттай нүдний шил, тос  зэрэг багтжээ. Мөн бусад аймгуудын малчдын туршлагаар бүтээсэн “Зудыг давсан зузаан туршлага” нэртэй номыг мөн өглөө. Энэхүү ном нь сүүлийн үед малчдын дунд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм.

Баруун-Урт  сум нь хөдөөний ганцхан багтай.  Тус багийн 36 мянга орчим мал зуданд хорогдож, гал түймэрт 8 айлын гэр шатсан гэх мэдээллийг багийн засаг дарга П. Сүхтогоо өглөө. Үүний өмнө НҮБ-аас мөн гамшигт нэрвэгдсэн 150 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн.

Зудын хариу арга хэмжээ төсөл нь Баянхонгор, Завхан, Увс,  Сүхбаатар гэсэн 4 аймагт 3 сарын хугацааайгаар хэрэгжиж байгаа юм.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ