Сунаж мөргөх тэмцээнийг анх удаа зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс 25 жилийн ойн хүрээнд анх удаа “Сунаж мөргөхийн ач тус” мөргөлийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 35 хүн оролцжээ. Үүнээс хамгийн өндөр настай нь 74 Д.Бидра, хамгийн залуу нь 10 настай Г. Даваажаргал байсан байна.
Тэмцээн 3 үе шаттайгаар явагдсан бөгөөд Баруун-Урт сумын 6-р цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Д.Отгонцэцэг 5 минутанд 73 мөргөж тэргүүн байрыг эзэлж анхны тэмцээний шилжин явах цомын эзэн болжээ. Хоёрдугаар байранд 4-р БДС-ийн 7-р ангийн сурагч Б.Батсэлэм 5 минутанд 67 мөргөж, гуравдугаар байранд МСҮТ-ийн сурагч н.Мөнх-Эрдэнэ 5 минутад 64 мөргөж тус тус шалгарсан байна.
Сунаж мөргөх нь хүний биеийн жижиг хэсгүүдийг хөдөлгөөнд оруулж, эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг юм. Тэмцээний ач холбогдол болоод оролцогчдын идэвх амжилтыг үндэслэн энэхүү тэмцээнээ улирал бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
Сунаж мөргөхийн ач тус тэмцээнийг аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулсан юм.
Т. Одончимэг