Өнөөдрийн байдлаар 6122 айл яндангаа хөөлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-10-17 14:48:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Таван толгой түлш” компанийн яндан хөөлөгчид өнөөдрийн байдлаар 15343 иргэнд 70119400 утсаар дамжуулан яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 6122 айл өрхийн янданг хөөлж өгчээ.


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ард иргэдээ болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, өвөлдөө бэлтгэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн. Тус аяны хүрээнд “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 300 залуусыг ажилтай, орлоготой болгожээ.


Тэд айл өрхүүдээр явж яндан хөөлөх зөвлөгөө, мэдээлэл өгдөг бөгөөд иргэдээс түгээмэл гаргадаг алдаа нь хойрго байдал гэдгийг онцолж байна. Сүүлийн 5-10 жил яндангаа хөөлөөгүй, бүр огт хөөлдөггүй айл өрхүүд ч тааралддаг. Мөн угаарын хий мэдрэгчээ ажиллуулдаг, ажиллагааг нь тогтмол шалгадаг айл өрхүүд тун цөөн байдгийг яндан хөөлөгч залуус хэлж байв.



Тамхины утаа, хоол, хүнс хайрах зэрэгт мэдрэгч ажиллаж дуугардаг бөгөөд үүнд нь төвөгшөөн олон айл өрх угаарын хий мэдрэгчээ зориуд салгадаг байна. Энэ нь эрсдэлт үед шаардлагатай тусламж, арга хэмжээ авахад саад учруулдаг юм байна.


“Яндангаа хөөлье” аяны хүрээнд яндангаа хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах зэрэг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, суртчилгаа, зөвлөгөө, мэдээллийг үе шаттай явуулсаар байгаа аж.


Улаанбаатар хотод 200 гаруй мянган галлагаат айл өрхтэй гэсэн судалгаа байдаг. Яндан хөөлөгчид айл нэг бүрт хүрч ажиллах боломжгүй учраас хүндэтгэх шалтгаантай буюу бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөл хүндтэй болон олон хүүхэдтэй өрх толгойсон эхчүүдэд тусалж үнэ төлбөргүй янданг нь хөөлж, ханан пийшин зууханд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлаж өгсөн байна.

Холбоотой мэдээ