Хан-Уулын 29-21-1 дүгээр хэсэгт сонгогчдын 45.8 хувь саналаа өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-15 19:47:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Хан-Уул дүүргийн 29-21-1 дүгээр хэсгийн сонгогчийн ирц 17.30 цагийн байдлаар 45.83 хувьтай байв.

Энэ хэсэгт нийт санал өгөх 2133 сонгогчоос 978 иргэн саналаа өгөөд байв. Үүнээс 18-25 насны 54, 26-40 насны 495, 41-55 насны 211, 56-аас дээш насны 218 иргэн, зөөврийн хайрцгаар 15 хүн тус тус саналаа өгчээ. Хэсгийн хороо 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, МАН, АН, Ногоон намаас нийт 7 хүн ажиглаж байна. 


АН-ын ажиглагч Э.Халиун хэлэхдээ, "Сонгуулийн санал хураалтын явцад ямар нэгэн зөрчил гараагүй. Харин буруу бөглөснөөс үүдэн саналын хуудас хүчингүй болох байдал гарч байна. Энэ нь иргэдийн мэдээллээ аваагүй хариуцлагагүй байдалтай холбоотой байх. Сонгогчийн ирц 26-40 насны иргэдийн 495 нь саналаа өгч хамгийн өндөр хувьтай оролцож байна" гэв.


Мөн дүүргийн 29-17-1 дүгээр хэсгийн санал хураах хэсэгт ажиллаж буй МАН-ын ажиглагч Г.Алтанзул хэлэхдээ, "Манай хэсэгт сэжиг бүхий зөрчил харьцангуй гайгүй байна. Буруу бөглөснөөс болж 4 саналын хуудас хүчингүй болж, дахин шинээр авсан. Нэг хаяг дээр оршин суугч биш 2 хүн нэмэгдэж бичигдсэн зөрчил илэрснийг тухай бүрд нь засаж залруулаад шийдсэн. Санал авах хэсгийн байранд нам намаас тус бүр 1 хүн, гадна талд мөн адил тооны ажиглагч нар өчигдөр зөөврийн хайрцгийг дагаж ажиглалтаар явсан гэв. 


ХУД-ийн 17 хорооны оршин суугч Д.Норжинсүрэнтэй уулзвал, "Би сонгуулиа нэг ч алгасахгүй өгч байна. Аль болох иргэний үүргээ биелүүлээд өөрсдийнхөө төлөө зөв хүнээ сонгохын төлөө байдаг. Өөрийн хүүхдүүд болон танил найзууддаа эрхээ эдлээд сонгуулиа өгөөрэй гэж өөрийн хэмжээнд "сурталчилж" хэлдэг. 

Манай байрны үүдэнд ("Гурван оргил" хотхоны 64-р байр) өглөө зарлал дээр 08:00 цагаас 22:00 цаг хүртэл сонгууль болно гэж бичсэн байсан. Урьд нь радио болон телевизээр сонгууль дандаа 07:00 цагаас эхэлдгийг сонсож мэддэг учир залруулахыг хичээсэн. Энэ талаар охинтойгоо яриад зогсож байна. Буруу зарлалаас болж хүмүүс тайвширч байгаад 20:00 цагаас хойш ирээд саналаа өгч чадахгүй байх магадлалтай гэж бодож байлаа. Нэг ч гэсэн хүний санал чухал шүү дээ" гэж байв.

Т.Билгүүн


Холбоотой мэдээ