Ховд аймгийн 15 сум хатуу хучилттай авто замд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-12 18:54:13

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар энэ сарын 10-11-нд Ховд аймагт ажиллалаа.

Энэ үеэр 2020-2024 онд Цэцэг, Чандмань, Дөргөн, Ховд, Эрдэнэбүрэн сумын чиглэлд хатуу хучилттай авто зам барих, Увс-Ховд аймгийг 163 км авто замаар холбох ажлыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхээр болсон талаар албан ёсоор мэдэгдэв. Мөн 2024 онд Баруун бүсийн босоо тэнхлэгийн Төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар төлөвлөжээ.

Одоогоор Ховд аймаг 1300 км үргэжлэх авто замын бүтээн байгуулалтаараа улсад тэргүүлж байгаа юм. Тэгвэл ирэх жилүүдэд 15 сумаа аймгийн төв болон Улаанбаатар хот, улсын хилтэй хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг болж, нийт 1700 км авто замтай болох төлөвтэй аж. 

Холбоотой мэдээ