Ургац арвин ч ажиллах хүч дутагдалтай байна

ТОЙМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-10-05 20:28:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ онд нийт газар нутгийнхаа 0.34 хувьд буюу 536.6 мянган га-д тариалалт хийжээ. Нийт тариалсан талбай өмнөх оныхоос 0.5 хувиар хумигдсан ч буудайн талбай 4.8 хувиар, төмсний талбай 16.7 хувиар, хүнсний ногооны талбай 26.7 хувиар тэлсэн байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үүсч болзошгүй эрсдэлийг тооцоолж энэ жил голлох үр тариа, хүнсний ногооны тариалалтыг салбарын яам бодлогоор нэмэгдүүлсэн юм. 


Үр тариа тариалсан нийт талбайн 90 гаруй хувьд буюу 364.0 мянган га-д улаанбуудай, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо тариалжээ. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авна гэсэн тооцоо гарсан байна. Энэ дүнг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал улаанбуудай 80.0 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19.0 мянган тонноор тус тус өсөхөөр байгаа юм. 



Гурил, төмсний жилийн хэрэгцээгээ 100 хувь дотоодоос хангана


Бүтэн жилийн хэрэгцээний гурилаа дотооддоо үйлдвэрлэхэд бидэнд 306.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай, түүнчлэн 180.0 мянган тонн төмс, 251.0 мянган тонн хүнсний ногоо шаардлагатай. Энэ жилийн ургацын урьдчилсан балансаас харахад хорогдлоо тооцоод улаанбуудайн хэрэгцээгээ 100 хувь, төмсний  хэрэгцээгээ 140 хувь, гол нэрийн хүнсний ногооны 60 орчим хувийг, бага тархацтай ногооны 45 хувийг тус тус дотоодоос хангах боломж бүрдэхээр байна.


Манай орон өндөр уул нурууд, өргөн уудам хээр тал хосолсон нутагтай учир газар тариалангийн бүсүүд нь хөрс, уур амьсгалын нөхцөлөөр эрс ялгаатайгаар барахгүй бүс дотроо цаг агаарын нөхцөл жил жилд харилцан адилгүй байдгаараа онцлогтой. Энэ жил гурилын голлох түүхий эд болох улаанбуудайн хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын төлөвт үндэслэн Увс, Хөвсгөл, Төв аймгийн тариалан бүхий нутгаар га-гаас 8.8 – 9.6 ц, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнодын тариалан бүхий нутгаар га-гаас 11.2– 16.5 ц, Дархан-Уул, Булган аймгийн тариалангийн бүс нутгаар га-гаас 17.2 – 18.2 ц ургац авах төлөвтэй байгааг мэргэжлийн хүмүүс тооцоолжээ.



Ж.Гантөмөр: Сайн талбайгаас 20 ц ургац авч байна


Улсын хэмжээнд ургац хураалтын ажил эрчимтэй өрнөж байгаа энэ үед манай сурвалжлах баг Төв аймгийн газар тариалангийн бүтээгдэхүүний дөрөвний нэгийг үйлдвэрлэдэг Цээл суманд ажиллаж ургац хураалтын явцтай танилцсан юм. Хэдийгээр энэ жил хур бороо багатай байсан ч боломжийн хэмжээний ургац авч байгаагаа Улсын ургацын хоёр удаагийн аварга, “Цээлийн хур” ХХК-ийн захирал Ж.Гантөмөр ярив. Цээл суманд улаанбуудай тариалдаг хоёр том компанийн нэг болох Цээлийн хур компани энэ жил нийт 2700 га-д улаанбуудай тариалжээ. Урьдчилсан тооцоогоор 4 мянган тонн буудай хураан авах бөгөөд гол худалдан авагч нь “Алтан тариа” гурилын үйлдвэр байх аж. Ерөнхийдөө буудайн болц гүйцсэн ч талбайгаасаа шууд борлуулах сонирхолтой байгаа тул хураахаар яарахгүй байгаагаа хэлж байсан юм. Мэдээж талбайгаасаа шууд гурилын үйлдвэр рүү ачвал үтрэм хүртэл тээвэрлэхээс эхлээд олон зардлыг хэмнэх боломжтой. Буудайны чанар гурилын үйлдвэрийн стандартыг хангаж, үнээ тохиролцсон байхад хамгийн сүүлийн үеийн “Vector 410” комбайнаар хэдхэн хоногт ургацаа хураах боломжтойг хэлж байв. Тус бүр нь 350 сая төгрөгийн үнэ бүхий ОХУ-д үйлдвэрлэсэн “Vector 410” комбайны чанар, бүтээмжид тариаланчид ам сайтай байдаг юм билээ.



Энэ жил хэд хэдэн талбайд тариалалт хийсэн бөгөөд сайн талбайгаас 20 ц, бусдаас нь 10-15 ц ургац авч байгаагаагаа Цээлийн хур компанийн захирал Ж.Гантөмөр хэлсэн юм. Нээрээ л зэрэгцэн орших нэг компанийн хоёр талбайн ургацын өгөөж мэргэжлийн биш хүний нүдээр харахад л тэнгэр газар шиг зөрүүтэй байв. Хоорондоо 300-хан метрийн зайтай атлаа нэгнийх нь ургац өтгөн өндөр, нөгөөгийнх нь шингэн тачирхан байх нь сонин. Учрыг нь тодруулбал өмнө нь царгас тариалж байсан талбай өндөр өгөөжөө өгч байгаа нь тэр аж.



Ц.Ширчинжав: Нэг боодол царгасанд агуулагдах уургийн хэмжээ 3-4 боодол өвснийхтэй тэнцдэг


Царгас гэх ургамлын талаар сүүлийн үед их сонсогдох болсон. Царгас нь ургасан талбайнхаа хөрсийг эмчилж, үржил шимт чанарыг нь нэмэгдүүлдэг байна. Бусад ургамал хөрснөөсөө тэжээгдэж ургадаг бол царгас эсрэгээрээ хөрсөө тэтгэдэг учир ургамлын хаан хэмээн нэрлэгджээ. Зөвхөн хөрсийг эрүүлжүүлэх зориулалтаар тариалдаг уу гэвэл бас үгүй. Царгасыг манай улсад ихэвчлэн малын тэжээл болгон ашигладаг. Учир нь нэг боодол царгасны өвс өөрт агуулагдах уургийн хэмжээгээрээ 3-4 боодол өвстэй тэнцдэгийг ”Хүүлэй ханы хишиг” компанийн зөвлөх, Гавьяат агрономич Ц.Ширчинжав онцлон тэмдэглэсэн юм.


Царгас тариалалтаар дагнан ажилладаг ”Хүүлэй ханы хишиг” компани энэ жил Цээл суманд гурван талбайд 300 гаруй га-д тариалалт хийжээ. Эдгээр талбайнууд нь 50 гаруй жил тасралтгүй үр тариа тариалсны нөлөөгөөр үржил шимгүй болж атаршин тариалангийн талбайн эргэлтээс хасагджээ. Үндсэндээ актлаглагдсан талбайд царгас тариалж биологийн аргаар нөхөн сэргээлт хийж байгаа хэрэг аж.



Энэ жил тус компани 10 мянган кг царгасны үр, 15 мянган боодол царгасны өвс хураан авах бөгөөд үр нь хараахан боловсорч гүйцээгүй тул ургацаа хурааж эхлээгүй байсан юм. Уургаар баялаг энэхүү ургамлыг гадаадад хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн үйлдвэрлэлд ашигладаг. Харин манайд бол малын тэжээлийн зориулалтаар фермерийн аж ахуй эрхлэгчид, уяачид болон алслагдсан аймгийн малчид ихээр худалдан авдаг аж. Нэг боодол хадлангийн өвсний үнэ 8000 төгрөг бол боодол царгасны өвс 10 мянган төгрөгийн үнэтэй. Үнийн хувьд ялимгүй зөрүүтэй ч энгийн өвсийг бодвол уураг ихтэй учир хол тээвэрлэхэд овор болон зардал багатай байдаг байна.


Бэлчээрийн даац хэтэрч, малын тэжээлийн хомсдолд орж байгаа манайх шиг улсад малчин бүр өөрсдийн хэрэгцээнд зориулан царгас тариалбал хөхүүн өвлийг эрсдэлгүй давах боломжтой гэсэн үг. Энэ ч хүрээнд баруун бүсийн аймгуудад уураг ихтэй малын тэжээл тариалахын зэрэгцээ хөрснийх нь үржил шимт чанарыг нэмэгдүүлж, алсдаа газар тариалан эрхлэх боломжийг нээхээр ажиллаж байгаагаа Гавьяат агрономич Ц.Ширчинжав хэлсэн юм. Царгасыг нэг удаа л тариалаад дахин зардал гаргахгүйгээр үр шимийг нь олон жил хүртэх боломжтой. Хэдийгээр манай улсад орос, хятад гэх мэт 6 орчим сортын царгас тариалж туршиж байгаа ч монгол орны эрс тэрс уур амьсгалд дасан зохицсон Бургалтай сортын монгол үрийг сонгон тариалах нь чухал байдаг аж. Учир нь хятад, орос зэрэг орны царгас нь тариалсан эхний жилдээ ургац сайн өгдөг ч хүйтэнд тэсвэргүй тул хөрсөн дэх үндэс нь устаж дараа жил нь дахин шинээр тариалах шаардлага үүсдэг байна.



Ш.Алтанхуяг: Тариачин хүн үтрэмд буулгасныхаа дараа л ургац авлаа гэж ярьдаг


1976 онд одоогийн Төв аймгийн Цээл сумын буурин дээр байгуулагдаж байсан “Залуучууд” САА-н үтрэм өдгөө хувийн хэвшлийн өмчид шилжсэнийг эс тооцвол бүрэн бүтнээр хадгалагдан үлджээ. 3000 тонн үр нөөцлөх хүчин чадалтай тус үтрэмийг социализмын үед үр тариа ангилж цэвэрлэх, нөөцлөх гол зориулалттай байсан нь одоо ч хэвээр байна. Энд тариан талбайгаас ирсэн буудайг үр цэвэрлэгч машинаар сортолж, төрөл зүйл, хэмжээгээр нь ялган бэлтгэдэг. Буудайны хогноос хамааран 2-3 удаа цэвэрлэдэг бөгөөд гурилын үйлдвэрт, малын тэжээлд, үрийн нөөцөд гэх мэтээр ялган байршуулдаг аж.



Тариачин хүн үр тариагаа үтрэмд буулгасныхаа дараа л ургац авлаа гэж ярьдаг. Түүнээс талбайд байгаа ургацыг тариачин ч авч болно, байгаль эх ч авахыг үгүйсгэхгүй хэмээн “Дэвшин Түвшин” ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг ярьсан юм. 10 га талбайтай тус үтрэмд биднийг очиход эхний 100 тонн буудай, 10 мянган боодол хадлангийн өвс буусан байв. 100 тонн буудайгаар 70 тонн гурил, 30 тонн хивэг үйлдвэрлэнэ. Гурилын үйлдвэрүүд буудайн цавуулаг, чийг, цардуул, натур жинг шалган үтрэмээс эхний ачилтуудаа хийж эхэлжээ. “Дэвших Түвшин” ХХК-ийн хувьд энэ жил 1400 га-д улаанбуудай, тосны ургамал, ногоон тэжээл тариалсан бөгөөд га-гаас дунджаар 15 ц улаанбуудай авах тооцоо гарчээ. Энэ жил гурилын үйлдвэрүүдийн 1 тонн буудай худалдан авах үнэ чанараас шалтгаалан 615-480 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Улаанбуудайн үнэ нэмэгдээгүй ч гурилын үйлдвэр, улсын үрийн нөөц, Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан буудайн тонн тутамд олгох урамшуулал өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж 100 мянган төгрөг болсон билээ.



Тариаланчид улаанбуудайгаас татгалзах болсны шалтгаан юу вэ?


Төв аймгийн Цээл сум байгалийн болон таримал ногоон тэжээл бэлтгэлээрээ аймагтаа дээгүүрт ордог. Сүүлийн жилүүдэд тариаланчид улаанбуудайгаас татгалзаж ногоон тэжээл, тосны ургамал ихээр тариалах болжээ. Засгийн газраас тогтоодог улаанбуудайн үнэ өнгөрсөн 6 жилд өөрчлөгдөөгүй ч энэ хугацаанд шатахуун болон бусад бараа үйлчилгээний үнэ хэд дахин нэмэгдсэнийг тариаланчид хэлж байв. Үүний хажуугаар өөрсдийн зардлаар буудайгаа гурилын үйлдвэрт тээвэрлэн аваачдаг бөгөөд үйлдвэрүүд их хэмжээний хорогдол тооцдогоос гадна зээлээр авч мөнгийг нь цувуулан өгдөг зэргээс шалтгаалан тариаланчдын дунд улаанбуудай тариалах сонирхол буурч байгаа аж. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын малын тоо 2019 оны байдлаар 71 саяд дөхөж бэлчээрийн даац хэтэрч, ган, зуд зэрэг цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан тэжээлийн зах зээл тэлсээр байгаа билээ.


Тариачдын энэ сонирхлын цаадах эдийн засгийн шалтгааныг тайлбарлахын тулд нэгэн тооцооллыг хийж үзье. Ногоон тэжээл тариалсан тариаланч га-гаас хамгийн багадаа 8 тонн ургац авдаг. 1 тонн нь 40 боодол өвс болдог гэж тооцвол га-гаас 320 боодол өвс хураан авна. Нэг боодлыг нь дунджаар 8000 төгрөгөөр борлуулдаг. Үндсэндээ ногоон тэжээл тариалсан тариачин га-гаас хамгийн багадаа 2.5 сая төгрөгийн орлого олох нь. Ногоон тэжээл тариалахад улаанбуудайнхтай дүйцэхүйц хэмжээний үр шаарддаг ч байгалийн эрсдэл багатайн дээр газар дээр нь бэлэн мөнгөөр борлуулдгаараа давуу талтай.  Тосны ургамал буюу рапс тариалсан 1 га талбайгаас дунджаар 700 орчим кг ургац буюу үр авна. Тонн тутмыг нь 1.2 сая төгрөгөөр борлуулдаг бөгөөд рапс тариалсан тариачин га-гаас 840 мянган төгрөгийн орлого олдог байна. Ингэхдээ мөн л тээврийн зардал шингээхгүйгээр газар дээрээс бэлэн мөнгөөр борлуулдаг аж. Рапсны үр улаанбуудайнхаас хоёр дахин их буюу тонн тутам нь 2.5 сая төгрөгийн үнэтэй ч 1 га талбайд ердөө 10 кг үр цацдаг байна. Харин улаанбуудайн үр тонн тутам нь 1.2 сая төгрөгийн үнэтэй байдаг бөгөөд хавар 1 га-д ойролцоогоор 150 кг үр цацдаг. Энэ жилийн дунджаар га-гаас 13 ц ургац авч буй улаанбуудай тариаланч урамшуулалтайгаа нийлээд хамгийн ихдээ тонн буудайг 700 мянган төгрөгөөр борлуулж 900 мянган төгрөгийн орлого олох хүртлээ ихээхэн сорилттой тулгардаг байна.



Ургац хураалт хүн хүчээр дутаж байна


Энэ жилийн ургац хураалтыг 1000 гаруй комбайн, 500 орчим төмс хураах техник хэрэгсэл, 700 орчим үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай техник, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 20-25 хоногт буюу 10 дугаар сарын эхний хагаст багтаан дуусгахаар төлөвлөсөн. Монгол орны хэмжээнд ургац хураалтын ажил ид өрнөж байгаа энэ үед ажиллах хүч хомс байгааг бидний уулзсан тариаланч бүр хэлж байв. ҮСХ-ны мэдээллээр өнгөрсөн 8 дугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 18 мянга давсан ч өдрийн 30-50 мянган төгрөгөөр ургацын талбайд ажиллах хүн ховор байна. Улсын ургацын комиссын шийдвэрээр Хөдөө аж ахуйн их сургуулийн 1992, Дотоод хэргийн их сургуулийн 500 оюутныг энэ жилийн ургац хураалтад дайчлан орон нутагт хуваарилсан. Бидний очсон Цээл суманд тэдгээрээс 50 цэрэг хуваарилагдан ирсэн нь хаанаа ч хүрэлцэхгүй байгааг тариаланчид хэлсэн юм. Цэргүүдийг орой бүр нэгтгэж, илүү цагаар ажиллуулахгүй байх зэрэг шаардлага нь цаг наргүй ажилладаг ургац хураалтын бодит байдалд нийцэхгүй байгааг ч тэд нуусангүй.  



Л.Нандинцэцэг

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ