Багануур, Шивээ-Овоогийн уурхайн техник, технологийг шинэчлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-01 14:59:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот, төвийн бүсийг нүүрсээр гол ханган нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн уурхайд энэ онд 18.3 сая ам.долларын техник, технологийн шинэчлэл хийжээ. 

Тодруулбал, төрийн өмчит, толгой компани "Эрдэнэс Монгол" дээрх уурхайнуудын хэвийн, найдвартай үйл ажиллагааг тасралтгүй хангах үүднээс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн санхүүжилтийг ашиглан 20 ширхэг техник худалдан авч, эхний шатны техникийн шинэчлэлийг хийгээд байна. 

Уг зээл нь хүү багатай бөгөөд Японы технологи, тоног төхөөрөмжийг ашиглах, цаашид JBIC-тэй хамтран Хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин, хараат компаниудын төслүүдэд хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх юм.


“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал "Багануур" ХК-д өнөөдөр болж, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг уурхайд ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, техникийн шинэчлэл болон охин хараат компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй танилцан уулзаж хэлэлцэж байна. 

Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, хэвийн үргэлжилж байгааг тус уурхайн удирдлагууд танилцуулав. Цаашид хоёр уурхайн үйл ажиллагаа хэвийн найдвартай үргэлжлэх боломж бүрдсэн гэдгийг хурлын үеэр онцоллоо.    

Тус хоёр уурхайд 1998 онд "Монгол нүүрс" төслийн хүрээнд Дэлхийн банк болон Япон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр техник технологийн шинэчлэл хийж байв. Тэгвэл ийнхүү 22 жилийн дараа техникийн томоохон шинэчлэлийг дахин хийж байна.


Холбоотой мэдээ