Алтай хотын нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр автобус нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-01 08:27:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Говь-Алтай аймгийн Алтай хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 28 хүний суудалтай хоёр автобус, Тохижилт үйлчилгээний газарт хог ачих нэг автомашин олголоо. 


Алтай хотын нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийг 2014 онд орон нутгийн төсвийн санхүүжилтээр гурван автобус нийлүүлж байсан бол түүнээс хойш өдгөөг хүртэл хийгээгүй ажээ. Эдгээр гурван автобусны ашиглалтын хугацаа энэ онд дуусч байгаатай холбогдуулан 28 хүний суудалтай хоёр автобусыг ийнхүү үйлчилгээнд нэвтрүүлэхээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар холбогдох албаныханд гардуулж өгсөн юм. 

Иргэдийн дунд тулгамдсан асуудал болоод байсан нийтийн тээврийн үйлчилгээнд ахиц гарч, ард иргэддээ аюулгүй, тав тухтай унаагаар үйлчлэх болсондоо баяртай байна, үнэхээр цаг үеэ олсон ажил боллоо хэмээн автобусны жолоочид сэтгэгдлээ илэрхийллээ. 

Алтай хотын нийтийн тээврийн үйл ажиллагаа 10 дугаар сарын нэгнээс Түмэн, Жаргалант, Баянхайрхан, Индэрт, Баяншанд багийн иргэдэд зөвшөөрөгдсөн цэг буюу буудлаар үйлчлэх ажээ. Үйлчилгээний автобус нэмэгдсэнтэй холбогдуулан энэ онд шинээр 10 автобусны буудлыг барьж иргэдэд үйлчилгээг улам ойртуулахыг зорьж байгаа тухай Алтай хотын Захирагчийн албанаас мэдээллээ.


Холбоотой мэдээ