Төмөр замчдыг бэлтгэх хөтөлбөр ерөнхий боловсролын сургуулиас эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-09-30 17:47:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар сургууль энэ хичээлийн шинэ жилд УБТЗ ХНН болон Улаанбаатар төмөр замын дээд сургуультай хамтран төмөр замын мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. 

Энэ хүрээнд тус сургууль дээр төмөр замын сонгоны анги нээгдлээ. Нээлтэд УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа оролцож хэлэхдээ, "Монгол Улс хөгжлийн том гараан дээр ирээд байна. Аливаа хөгжил зам дагуулж ирдэг. Манай улсад төмөр замын тээврийн сүлжээ эрчимтэй хөгжихийн хэрээр улс орны эдийн засагт төмөр замын салбарын гүйцэтгэх үүрэг ачаа нэмэгдэж, энэ үүднээс төмөр замын мэргэжилтэн, боловсон хүчний хэрэгцээ улам өсөж байна. Энэ үүднээс бид төмөр замын мэргэжлээр хүүхэд залуусыг сургахад бэлтгэж байгаа"-г тэрээр онцоллоо. 


Ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх үйлсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын сургуулиас эхэлж, энэ сургуулийг сонгосон талаар хэлэхдээ, "Улаанбаатар төмөр зам Монгол Улсын Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь, Төв болон Говь-Сүмбэр гэсэн 5 аймгийн газар нутгаар дамжин өнгөрдөг"-ийг онцлон дурдаад, "Эдгээр аймагт төмөр замчдын бүхэл бүтэн үе ажиллаж, амьдарч ирсэн тул УБТЗ хүйн холбоотой байж, чухал эдгээр аймгаас боловсон хүчнээ бэлтгэдэг, хамтран ажилладаг. Төмөр замд ажиллаж буй ажилтнуудын ихэнх нь энэ 5 аймгийнх байдаг. 

Дархан өртөө бол манай төмөр замын хамгийн том зангилаа газар. Олон арван төмөр замчин ажилладаг, тэдний үр хүүхдүүд гэр бүлийнхнийхээ ажил хөдөлмөрийг уламжилдаг газар. Ийм түшиц газраас ирээдүйн төмөр замчид төрж гарна гэсэн найдвараар хүүхдүүдийг багаас нь мэргэжлээ сонгоход нь чиглүүлж туслах үүднээс сонгоны анги нээж байна" гэв. 



Дархан сумын 18 дугаар сургуульд төмөр замын сонгоны анги нээлээ



Дархан сумын 18 дугаар сургуулийн захирал Н.Майцэцэг хэлэхдээ, "Ирээдүйн төмөр замчдыг бэлтгэхэд манай сургуулийг сонгосонд талархалтай хүлээн авсан. УБТЗ-аас манай сургуулийн нэг ангийг бүрэн тохижуулж өглөө. Гол нь сурагчид маань өөрийн хүслээр энэ мэргэжлийг сонгон сайн суралцах хэрэгтэй"-г хэлж байв. Тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Рэнцэндорж төмөр замчин аав, ээж, ах нарынхаа ажлыг уламжлан энэхүү сонгоны ангид дагнан суралцахаа илэрхийлсэн бол сурагч Э.Солонго төмөр замын мэргэжил илүү ирээдүйтэй, сонирхолтой санагдсан тул энэ мэргэжлийн сонгоны ангиар дамжин төмөр замын мэргэжилтэн болохоо хэлсэн юм. Сонгоны ангиар дамжин цаашид төмөр замчин болох хүүхдүүдийг гадаад, дотоодын дээд сургуульд төмөр замчны мэргэжлээр элсэн орж суралцахад дэмжиж, төгсөж ирэхэд ажлын байр бэлэн гэдгийг УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа илэрхийлсэн юм. 


Дархан-Уул аймгийн Дархан сумын 18 дугаар сургууль нь УБТЗ-ын харьяа, математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай, төмөр замчдын хүүхдүүд суралцдаг аж. 


Холбоотой мэдээ