Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёлын яамны үйл ажиллагаатай танилцав

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-09-28 21:24:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Соёлын яамны үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

Тэрбээр энэ хүрээнд, Соёлын сайд С.Чулуун, УИХ-ын гишүүн БСШУС-ын Байнгын Хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүсийн хамт Монголын Уран зургийн галерейн ажилтай танилцлаа.


1991 онд Уран зургийн галерей шинээр байгуулагдсан юм. Уран зураг, зураасан зураг, баримал сийлбэр, ардын гар урлалын 4500 орчим бүтээлтэй ч үзэсгэлэнгийн танхим хүрэлцээгүйгээс сан хөмрөгийнхөө ердөө наймхан хувийг л дэлгэн үзүүлдэг байна. Түүнчлэн түрээсийн байранд, зориулалтын чийгшил дулааны тоног төхөөрөмжгүй тул гар аргаар ус тавих, дээврээс дусах бороо цасны усыг ажилтнууд өөрсдөө хулдаас гялгар цаас зэргээр аргалж иржээ. Галерейд арьсан урлал, ваар керамик, зээгт наамал, хээ угалз, уран дархан, хөөмөл чулуун болон яс модон сийлбэр чулуу, төмөр зэрэг материалаар урласан 460 орчим хосгүй үнэт бүтээл байдаг.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай, хэдий улс орны эдийн засгийн байдал тааруу байгаа ч шат дараалалтай асуудлыг шийднэ гэв. Түүнчлэн тэрээр дотоодын хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй гадаадын хөрөнгө оруулалт болон өөр бусад санхүүгийн боломжуудыг судлах хэрэгтэй гэсэн юм.



Холбоотой мэдээ