Элсний мeханик хамгаалалтуудыг хийж туршина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-09-29 09:42:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Элсний нүүдэл-шийдэл” нээлттэй хаалганы өдөр, “Элсний фестиваль-2020” үйл ажиллагаа Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд боллоо.


“Элсний нүүлт, цөлжилтийн шалтгаан, үр дагавар, сургамж, өнөөгийн байдал, гарц шийдэл” сэдвээр судлаач, эрдэмтдийн багийн хэлэлцүүлгийг орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, орчны бүсийн сумдын хэмжээнд зохион байгуулав. Мөн үеэр элсний ач тус, үр өгөөжийг орон нутгийн иргэд, оролцогч талууд цаашид тогтвортой хүртэх боломж, гарц шийдлийг хэлэлцсэн юм. 

Тус үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн БОАЖГ, Монгол элсний Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд, Байгаль хамгаалах сангийн захирал Р.Чимэддорж, “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зохицуулагч Г.Энхбилэг, “Газарзүй, гео-экологийн хүрээлэн”-ийн доктор Н.Мандах, МУИС-ийн багш, докторууд болон сум орон нутгийн холбогдох албан тушаалтан, иргэд оролцлоо.

Энэ ажлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэж хэлэлцсэн асуудлын хүрээнд оролцогч талуудаас санал санаачилга гарч “Тунхаг бичиг” гаргалаа.  Үүнд:

1. Элсний нүүдэл цөлжилтийг сааруулах, цөлжсөн элсийг эдийн засгийн эргэлтэд оруулах

2. Ногоон байгууламжийг их хэмжээгээр тарих, ажлын байр нэмэгдүүлэх

3. Ашиг шимт ургамлууд болох суль, сульхир, хармаг, чацарганыг тариалах

4. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн бүлэг, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих

5. Цөлжилтөд өртөж байгаа булаг шандны эхийг хамгаалах, 

6. Ус, хөрсний бохирдлыг багасгах, мониторингийн нарийвчилсан судалгаа хийлгэх 

7. Аялал жуулчлалыг хөгжүүлэх

8. Элсний мeханик хамгаалалтуудыг хийж турших, оновчтой үр дүнг гаргах гэх мэтчилэн олон ажлыг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлж хийхээр тусгажээ.

Уг ажлын хүрээнд элсний нүүлт газрын доройтлыг бууруулах, ашигт ургамал ургах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр хашиж хамгаалсан 60.7 га талбай түүнд тарьж ургуулсан ойн зурвас, бутлаг болон ашигт ургамлыг танилцууллаа.  Мөн цөлжилт элсний нүүлтийн эрчмийг тодорхойлох зорилгоор бий болгосон мониторингийн судалгааны цэгийг оролцогчдод мөн танилцуулсан юм. Энэ үеэр орчны бүсийн сумд болох Хөхморьт, Шарга сумын байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2020" элсний гаралтай суль, сульхираар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэдийг дэмжих, иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. 

Харин “Элсний фестиваль-2020” үйл ажиллагааны хүрээнд Хөхморьт сумын Монгол элсний байгалийн цогцолбор газрыг түшиглэн жил бүр уламжлал болгон гар бөмбөг, мото буухиа, уламжлалт шагайн харваа тэмцээнийг явуулсан юм.

Элсний нүүлтийг сааруулах, цөлжилтөөс хамгаалах, ашигт ургамал ургах нөхцөлийг бүрдүүлэх талаар олон асуудлыг хэлэлцэн тунхаг бичиг гаргаж Монгол элсний үнэт зүйлс, түүний гайхамшгийг дотоодын аялагч, жуулчид, орон нутгийн иргэдэд сурталчлан танилцуулсан ажил боллоо.


Холбоотой мэдээ