Хятад, АСЕАН-ий орнуудын худалдааны хэмжээ 3.8 хувиар өсжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-09-29 10:54:41

Бээжин /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас дэлхийн бүхий л улс орнуудын эдийн засаг сорилттой нүүр тулгарч, олон улсын худалдаа хумигдаж байгаа ч БНХАУ, АСЕАН-ий орнуудтай хийж буй худалдааны хэмжээ эсрэгээрээ өсөлттэй гарсан байна.

“Энэ оны эхний найман сарын байдлаар Хятад, АСЕАН-ий орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 416.55 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар нэмэгдсэн. Энэ нь Хятадын нийт гадаад худалдааны 14.6 хувийг эзлэх үзүүлэлт болж, АСЕАН-ий орнууд түүхэндээ анх удаа Хятадын хамгийн том худалдааны түнш болсон” талаар Хятадын Худалдааны сайдын туслах Ли Чөнган өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр танилцуулав.

Мөн энэ оны эхний хагас жилд Хятад улсаас АСЕАН-ий орнуудад хийсэн хөрөнгө оруулалт 6.23 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 53.1 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэхүү үзүүлэлт нь эхний хагас жилд Хятад улсаас “Бүс ба Зам”-ын дагуух орнуудад хийсэн хөрөнгө оруулалтын 76.7 хувийг эзэлжээ.

Түүнчлэн АСЕАН-ий орнуудаас Хятадад хийсэн бодит хөрөнгө оруулалт 5.9 хувиар өсжээ.

Хятад, АСЕАН-ий эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр хөгжиж, шинэ шатанд гарч буйг Ли Чөнган онцолсон байна.

Холбоотой мэдээ