С.Ламбааг сайдаар томилохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.30 цагт эхлэв.
Тус хуралдааны эхэнд “Засгийн газрын гишүүнийг томилох тухай” асуудлыг УИХ-ын гишүүн С.Баярцогт танилцууллаа. Гишүүд хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлж, асуулт асуув. Тухайлбал А.Бакей гишүүн “Энэ чухал салбарыг сайдтай болгох асуудал оройтсон ч гэсэн хийх ёстой ажил. С.Ламбаа сайн мэддэг хүн. Ажлаа мэддэг хүнийг цаг алдалгүй томилох нь зөв” гэсэн бол Ц.Оюунгэрэл гишүүн “Эрүүгийн хуульд эмч нарын асуудлыг хатуу тусгасан хэмээн хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гэж талаар сонссон. Цаашдаа эмч нарын хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэхгүй бол боловсон хүчний асуудал хүндрэх талтай байна.Салбарынхаа онцлогт нийцүүлсэн хуулиа гаргаж чадаж байна уу” гэж асуув. Үүнд нэр дэвшигч С.Ламбаа “Эрүүгийн хуулиар Ерөнхийлөгч, Хууль зүйн сайдад хандсан байгаа. 8 жилээр хорих заалтыг нь өөрчилнө. Хариуцлагын даатгалын тухай хууль дууссан. Ирэх 7 хоногт Засгийн газарт өргөн барина” гэв.
Мөн гишүүд улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдлыг асуухад С.Ламбаа “Улаанбурхан хэвийн байдал руу орж эхэлж байна. 500 гаруй хүн эмнэлэгт хэвтдэг байсан бол одоо 80 орчим байна. Хэдийгээр тоо нь буурч байгаа ч хүндрэл нь өндөр бна. Аль аль талдаа анхаарч ажиллаж байна” гэлээ. Ингээд С.Ламбааг ЭМС-ын сайдад нэр дэвшүүлэхийг гишүүдийн олонх дэмжив.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Н.Гантуяа