Парист болсон халдлагыг террорист үйл ажиллагаа гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-09-26 10:25:14

ПАРИС. /RIA Novosti/. Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакц байрлаж байсан Парис хотын барилгын хажууд болсон халдлагыг "лалын шашинтнуудын террорист ажиллагаа" гэж мэдэгдэв.


Тэрбээр баасан гарагт “France 2” сувгаар үг хэлэхдээ ийм мэдэгдэл хийжээ. "Мэдээжийн хэрэг, энэ бол террорист халдлага. Энэ хэрэг “Charlie Hebdo”-гийн редакц байрлаж байсан гудамжинд болсон, тэд террористууд яаж ажилладаг яг тэгж ажилласан" гэж  Францын Дотоод хэргийн сайд цохон хэлсэн байна. "Ямар ч эргэлзээгүйгээр энэ бол манай улсын эсрэг, сэтгүүлчдийн эсрэг шинэ цуст халдлага юм. Террористууд Францын онцлог шинж чанарыг устгахыг хүсэж байна" гэж Дарманен хэлжээ.


Тэрбээр мөн мөрдөн шалгах ажлыг Парисын терроризмтой тэмцэх прокурорын газар явуулж байгааг онцлон дурдсан байна.


Хүйтэн зэвсэг ашиглан үйлдсэн халдлага “Charlie Hebdo” сэтгүүлийн редакц байрлаж байсан Парис хотын 11 дүгээр тойрогт баасан гаргийн үдээс хойш болжээ. 2015 онд тус сэтгүүлийн байранд халдлага үйлдсэний дараа нүүсэн юм. Халдлагын улмаас хоёр хүн шархадсан байна. Парисын прокурор Реми Эйтсийн өмнө нь мэдээлснээр, халдлагыг үйлдсэн байж болзошгүй этгээд болон түүнтэй холбоотой гэж сэжиглэж байгаа нэг хүнийг баривчилжээ. Мөрдөн шалгах ажлын хүрээнд өөр таван хүнийг баривчилсан гэж Франс Пресс агентлаг баасан гаргийн орой мэдээлсэн байна.


Холбоотой мэдээ