Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтад 47,7 хувь нь хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-19 18:31:30

Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх нэмэлт дархлаажуулалтад одоогийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 40,7 хувь нь л хамрагджээ.

Энэ сарын 12-25-ны хооронд орон даяар Улаанбурхан-улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх нэмэлт дархлаажуулалтын аян үргэлжилж байна. Уг өвчнөөр өвчлөгсдийн 50-иад хувь нь 18-30 насны залуус байгаа тул энэ насныхныг нэмэлт дархлаажуулалтад нэн түрүүн хамруулахаар болсон. Тус аймгийн хэмжээнд 21988 хүн вакцинд хамрагдахаар байгаа бол дархлаажуулалт эхэлснээс хойш тэдний 40,7 хувь нь буюу 8966 хүн хамрагджээ.

Дархлаажуулалтын ажлыг байнгын буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, түр буюу их дээд сургууль, үйлдвэрийн газрууд, явуулын буюу алслагдсан багууд гэсэн гурван цэгээр дамжуулан вакцинжуулж  байна. Агаар дуслын замаар хурдацтай тархаж 0-9 сартай хүүхдүүдэд хүндрэл өгч амь насанд нь аюул учруулж байгаа Улаанбурхан өвчний эсрэг улсаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд иргэдээ идэвхтэй хамруулахын тулд  зорилтот бүлгийнхнийхээ бүртгэлийг тодорхой гаргаж аймгийн ЭМГ-т хүргүүлэх үүргийг Дархан сумын 18 баг хүлээж байна. Түүнчлэн 18-30 насныхныг багаас тодорхойлолт олгох зэргийг авахад нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан эсэхийг харгалзан үзэж төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлэх байхаар болжээ. Энэ талаарх зөвлөмж, үүрэг чиглэлийг аймгийн ЭМГ, ОБГ-аас нийт багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад өглөө.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ